Н.Алтаншагай: Иргэд насаараа хөдөлмөрлөөд төлсөн татварынхаа бодит үр шимээ хүртэж чадахгүй байна

Г.Долгорсүрэн
10 цаг 8 минутын өмнө

УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж байна. Чуулганаар Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай саналаа хэлж, асуулт асуулаа.


Тэрбээр "Өнөөдөр нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар иргэд, ААН-үүд чих тавин хүлээж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах чиглэлд ямар байр суурьтай байгаа вэ.

Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг хэт өндөр байна гээд 2023 онд D-Parliament.mn дээр санал асуулга явуулсан. 105.000 хүн бууруулах дээр саналаа өгч, энэ асуудал нийгмийн анхааралд орсон гэж ойлгож болно. 

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ өндөр байх нь сангийн орлогыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө одоохондоо л үзүүлж байгаа. Алсдаа энэ нь өөрөө хөдөлмөрийн зах зээлд ажиллагсдын тоо буурах, даатгуулагчдын тоо буурах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байгаа. 

Иргэд насаараа хөдөлмөрлөж байгаа. 20, 30, 40 жил хөдөлмөрлөөд тэтгэвэртээ гарч байгаа. Нийгмийн даатгалд төлсөн бодит үр шимээ иргэд маань хүртэж чадахгүй байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт богино байна. Үүн дээр яг ямар шийдлийг ажил хэрэг болгох вэ. 

Өнөөдөр ахмадуудын маань 70 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа шүү дээ. Гэтэл тэтгэврийн зээл авдаг нөхцөл нь хумигдсан. 24 сар байсан нь багассан гэж байгаа. Үүн дээр иргэд болон ахмадууд бухимдалтай байгаа. Үүнийг нээж өгье л дөө. Тэтгэврээ хангалттай аваг. Гадаад, дотоодод аялаг, юм үзэг. Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэг. Энэ дээр нь тодорхой шийдлийг гаргаж өгөх хэрэгтэй байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна