Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын талаар НОЦТОЙ баримт дэлгэлээ

Zuv.mn
12 цаг 4 минутын өмнө

 Хотын дарга өчигдөр ноцтой нмэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэлээ. Тэрбээр "Тавантолгой түлш” ХХК-ийг хуучин хэвээр үр ашиггүй ажиллуулах сонирхолтой бүлэг хүмүүс байна. “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл”-ийн ТЭЗҮ-ийг Ж.Золжаргал, түүний дүү Ж.Азжаргал, "Паст Презент Солюшн" ХХК хамтарч хийсэн байна.

 ТЭЗҮ-ийг 3 тэрбум 480 сая төгрөгөөр хийсэн. Зөвхөн шороон далан хийсэн. Энэ даланд Тавантолгой түлшийн үйлдвэрээс 50 тэрбум төгрөг зарцуулсан. Төрийн аудитын байгууллага үр ашиггүй төсөл болсон гэж дүгнэлт гаргаад акт тавьсан. 

Төв аймгийн Сэргэлэн суман дахь салбар банкаар урьдчилгаа төлбөр 1 тэрбум 740 сая төгрөгийг аваад салхинд хийсгэсэн. Үндсэндээ 52 орчим тэрбум төгрөгөөр шороон далангаас өөр юу ч хийсэнгүй.

 2025 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай 53 дугаар тогтоол гаргаад, уг тогтоолын 11 дүгээр зүйлд “Агаарын бохирдол бууруулж байгаа аливаа төсөл, хөтөлбөрийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй. Зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх” талаар тусгасан. Монгол Улсын Агаарын тухай хуулийг илтэд ноцтой зөрчсөн энэхүү тогтоол гаргасныг би сүүлд олж мэдлээ.

Агаарын тухай хуулийн 6.1.6-т “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” хэмээн заасан.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэсэн хуулийн заалтыг уг 53 дугаар тогтоол зөрчсөн.

 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-аас төрийн өмчийг нийслэлийн өмчид шилжүүлэх тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолоор Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэрийг нийслэлийн өмчид шилжүүлсэн. Үүний араас Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ тогтоолыг хэрэгжүүлэх тухай мөн тогтоосон.

 2025 оны нэгдүгээр сард мөн Тавантолгой сайжруулсан түлшний үйлдвэрийн санхүүжилтийг “Эрдэнэс тавантолгой” санхүүжүүлэх тогтоол гарсан. Дээрх 53 дугаар тогтоолыг хэрэгжүүлбэл айл өрхүүд яг хуучин шигээ түүхий нүүрсээ машинаар ачаад, хашаандаа буулгаж савладаг болно. Ж.Золжаргал өөрөө ч үүнийгээ хэлж байгаа. 

Түлшний шийдэл нэг ч удаа ярихгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд Тавантолгой түлшид байнгын барьцалдуулагч шахдаг ААН, байгууллагын уур хилэнг би их хүргэсэн байна. Өнөөдрөөс хойш Тавантолгой түлш компанид нэг ч килограмм барьцалдуулагч авахгүй байх шийдвэр гаргасан. Одоо энд байгаа агуулахын үлдэгдэл нөөц 40 мянган тонн мидлингээ дуусгаад, тэрнээс хойш Тавантолгой түлш компани мидлингээр хийсэн түлш үйлдвэрлэхгүй. 

Энэ ажил бүр 2023 оноос эхэлсэн. Тухайн үед Чойжилсүрэн сайд туршилт судалгаа хийх ажлын хэсгийг гаргасан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ж.Золжаргал нүүрсний ассоциацийг төлөөлж ажилласан. Нүүрсний ассоциацийн гүйцэтгэх захирлаар төлөөлсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хагас коксон түлш агаарын бохирдлыг бууруулахад ямар үр нөлөөтэй вэ гэдгийг тус ажлын хэсэг судалсан, тогтоосон. Түүхий нүүрсний хүхэрлэгийн хэмжээ 44 хувь байсан.

 Сайжруулсан түлш буюу мидлингээр хийсэн түлшинд шилжсэнээс хойш агаарын чанарт ахиц гарч, хүхэрлэгийн хэмжээ 22 хувь болж буурсан. Хэрэв хагас коксон түлшинд шилжвэл хүхэрлэгийн хэмжээ дахин 50 хувь буурч, 10 хүртэл хувь болно гэсэн тайланг гаргасан.

 “Тавантолгой түлш” ХХК нийслэлийн өмчид шилжиж ирсний дараа Эрчим хүчний сайдаас өмнөх ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн албан бичиг ирүүлсэн. 

Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос үүнийг дэмжиж байна гэсэн бичиг ирсэн. Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэнгээс бүх нүүрсэнд хийсэн туршилтыг дахиж хийсэн. Улмаар хагас коксжсон шахмал түлшний техникийн тодорхойлолтуудыг бий болгосон. 

Эцэст нь Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос энэ өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Дөрөвдүгээр сараас MCS компанийн харьяа “Энержи Ресурс” ХХК Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэрт мидлинг нийлүүлэхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.

 Бид өөр ямар түүхий эд байж болох вэ гэдэгт Эрдэнэс тавантолгойн баяжуулах үйлдвэрийн тэг давхаргын нүүрсэнд туршилт хийсэн. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс шийдвэр гаргаж, Эрдэнэс тавантолгойн тэг давхаргын нүүрс буюу мидлингээр дахиж барьцалдуулагчтай түлш хийх нь агаарын чанарт өөрчлөлт орохгүй, хүний эрүүл мэндэд хортой гэж Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэр гарсан. Улмаар Үндэсний хороо хагас кокс руу шилжихийг тогтоосон.

 Хагас кокс бол үнэтэй, зардал ихтэй “алтан түлш” болно гэж ярьж байгаа хүмүүс бий. Энэ алтан түлшнийхээ зардлыг өөрсдийнхөө шахаа хийдэг жишгээр нэг тонныг 1.5-2 сая төгрөгөөр үнэлж, шийдвэрийг танилцуулсан. Монгол Улсад харамсалтай нь одоогоор хагас коксон түлшний үйлдвэр байхгүй. Үйлдвэр барих талаар олон яригдсан ч ажил болоогүй. 

Хагас коксон түлшийг 800-аас дээш хэмд жигнэсэн, хүхрийг багасгасан, давирхайг салгасан, хүчилтөрөгчийн агуулга бүхий энэ түлшийг тээврийн зардалтай нь хамт нэг тонныг 735 мянган төгрөгөөр авахаар нээлттэй тендер зарлаж байгаа.

 Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэснээр хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөллүүд гарч, 750 гаруй хүн угаартаж нас барсан гэсэн албан бус мэдээ бий. Энэ бүхнийг бууруулахын тулд эрдэмтдийн зөвлөмжийн дагуу Үндэсний хороо шийдвэр гаргасныг эсэргүүцэж Тавантолгой түлшид барьцалдуулагч, шуудай шахдаг бүх ААН үргэлжлүүлэн хулгайгаа хийхийн тулд хагас коксон түлшийг эсэргүүцэж аян өрнүүлж байна.

 Энэ хүмүүс нэг нь ч гэр хороололд амьдарч үзээгүй, маш их асуудалтай, гэр хорооллын айл өрхийн зовлон жаргалыг мэдэхгүй, хүйтэн сэтгэл гаргаж байна.

Энэ үйлдвэр биднийг менежмент авах өвлийн 12 дугаар сард 2200 хүнтэй ажиллаж байсан. Энэ үйлдвэрийн шахааг арилгах, алдагдлыг бууруулах, үр ашигт ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд одоогийн байдлаар 1000 хүнтэй ажиллуулж байна. Цаашид хагас коксон түлшийн савлах цехийг үлдээсэн тохиолдолд үйлдвэр 500-600 хүнтэй ажиллана. Тавантолгой түлшийн үйлдвэрийн өнөөдрийн хуримтлагдсан алдагдал 1.3 их наяд төгрөгт хүрсэн.

 Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг давсан тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана. Ж.Золжаргал, Ж.Азжаргал нар болон төслийг хэрэгжүүлэхэд оролцогч нарын хэрэглэсэн 52 орчим тэрбум төгрөгийг юунд зарцуулсныг шалгуулна. Тавантолгой сайжруулсан түлшний менежменет хотод ирснээс хойш нэг ч шахаа, нэг ч илүү зардал, үргүй зардал гаргахгүй байх зарчмаар ажилласан нь энэ нүүрсчин, шахаачдын дургүйцлийг хүргэжээ.

Нэр бүхий зарим УИХ-ын гишүүд гишүүний ажлаа хиймээр байна. Улс төрийн рейтингээ өсгөх зорилгоор нийслэлийн ажлыг гацаах, зогсоох гэсэн ажлууд нь бүр хэрээс хэтэрлээ. Ойрын жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэлийг 50-иас илүү хувиар бууруулах зорилгыг тавьж, зорилгоо ч хэрэгжүүлж ажиллаж байгаа. Элдэв шантаажчид байнгын ажил гацааж байна. Үүнийг иргэд маань ойлгож байгаа гэж итгэж байна.

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.131
    4 цагийн өмнө

    tolgin komnist

    Хариулах
  • 192.82.64.153
    5 цагийн өмнө

    золжаргал гишүүн тайлбар хийнэ үү

    Хариулах