Иргэдийн төлсөн хэдэн их наяд төгрөгөөр "тоглосон" эрх баригчид эцэст нь иргэдээ хувь тавиланд нь даатгаад хаялаа

Zuv.mn
8 цаг 2 минутын өмнө

-УИХ-ын 53 дугаар тогтоол ҮХЦ дээр унах уу-

УИХ өнгөрсөн хоёрдугаар сард нийслэл Улаанбаатар хотын утааны асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулж, уг сонсголтой холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай 53 дугаар тогтоолыг өнгөрсөн зургадугаар сарын 05-ны өдөр баталжээ.

Уг тогтоолын 11 дүгээр зүйлд “Агаар бохирдуулж байгаа аливаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, иргэн, аж ахуйн нэгжид төрөөс татаас, урамшуулал олгохгүй байх, төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх” хэмээн заасан бөгөөд ингэснээр төр үндсэндээ утаанд гар өргөн бууж өгсөн, улмаар нийслэлчүүдийг “Өөрсдөө асуудлаа шийд” хэмээн хаяснаас өөрцгүй шийдвэр болжээ.

Монгол Улс нийслэл хотынхоо агаарын бохирдлыг бууруулахаар 17 жил тэмцэхдээ санхүүжилтийн тодорхой хэсгийг улсын болон орон нутгийн төсвөөс гаргасаар ирсэн. 2018-2019 онд баригдаж, ашиглалтад орсон жилийнхээ өвөл хотын утааг 50 хувь бууруулж чадсан сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрүүд ч төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан байдаг. Үүнээс хойш тус компанид жил бүр 300 тэрбум орчим төгрөгийг татаас хэлбэрээр олгож ирсэн бөгөөд тэр мөнгөний хүчээр нийслэлчүүд өвөлждөг байв.

Гэтэл энэ жилээс ийнхүү “Буцаад түүхий нүүрсээ түл” гэдэг шийдвэрийг чимээгүйхэн гаргасан байна.

УИХ үүнээс өмнө буюу 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр “Төрийн өмчийг Нийслэлийн өмид шилжүүлэх тухай” тогтоол гаргаж, өрөнд бариигдаж, өтөнд идэгдсэн “Тавантолгой түлш” ХХК-ийг Нийслэлийн өмчид шилжүүлж өгсөн бөгөөд есөн сарын дараа ийнхүү санхүүгийн эх үүсвэрийг нь хязгаарлажээ.

“Энержи ресурс” ХХК “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлингийг дахиж нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо БНХАУ-аас нэг тонн хагас коксыг 735 мянган төгрөгөөр буюу нийт мөнгөн дүн нь 226 тэрбум төгрөгөөр худалдаж авч өвөлжих шийдэл олоод байх үед УИХ-аас дээрх шийдвэрүүд гарчээ. Хорт хий, давирхайг нь ялгасан нэг тонн хагас коксон түлш бол үндсэндээ хоёр тонн нүүрстэй тэнцэх илчлэгтэй. Дээр нь хорт утаагаар нийслэлчүүдийг хордуулахгүй давуу талтай.

Түүхий нүүрснээс 40 хувийн хүхэрлэг хий ягардаг. Сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор хүхэрлэг хийн ялгаралтыг 20 хувьд хүргэж, хоёр дахин бууруулсан. Харин хагас кокст шилжсэн тохиолдолд хүхэрлэг хийн ялгаралтыг дахиад хоёр дахин буулгаж 10 хувьд хүргэнэ гэдэг тооцоог эрдэмтэд хийсэн байдаг. Энэ тооцоог хийсэн Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Нүүрсний ассоциацын гүйцэтгэх захирлын хувиар багтаж, дүгнэлт гаргалцаж байсан байдаг.   

“Улаанбаатарын утааг 50 хувь бууруулахад Монгол Улс эрүүл мэндийн салбарын зардлаа 19-38 сая ам.доллараар хэмнэнэ” гэсэн тооцоог Дэлхийн банкнаас 2017 онд хийсэн байдаг. Энэ бол 66-133 тэрбум төгрөг.

“Тавантолгой түлш” ХХК элдэв шахааны үүр уурхай болсноос хойш Нийслэлийн агаарын чанар буцаад 2017 оны түвшинд очсон гэж үзвэл бид 226 тэрбум төгрөгөөр хагас кокс худалдаж аваад 66-133 төгрөгийг хэмнэнэ. Хүүхэд, хөгшид эрүүл мэндээрээ хохирохгүй.  

Өдгөө УИХ-ын гишүүн Ж.Золжаргал БНХАУ-аас хагас кокс худалдаж авахыг эсэргүүцэж, УИХ-ын 53 дугаар тогтоолын хэрэгжилтийг Ерөнхий сайд Г.Занданшатараас нэхэж буй.

Хэрвээ тогтоолыг хэрэгжүүлбэл, нийслэлчүүд “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг /”Энержи ресурс” мидлингээр үргэлжлүүлэн хангахыг зөвшөөрсөн тохиолдолд/ нэг тонныг нь татаасгүй үнээр буюу дор хаяж 600,000 төгрөгөөр худалдаж авах болно. Иргэд энэ өндөр үнийг дийлэхгүй учир хоёр дахин хямд үнэтэй түүхий нүүрсийг түлэхэд хүрч, өнгөрсөн хугацаанд утааг бууруулах чиглэлээр зарцуулсан хэдэн их наяд төгрөг жинхэнэ утгаараа салхинд хийсэн, “Монгол Улс утаанд гар өргөн бууж өгсөнтэй ижил” хэрэг болох юм.

Тиймээс УИХ-ын 53 дугаар тогтоол нь “Агаарын тухай хуулийн 6.1.6-т “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлнэ, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ” гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа тул нэг бол зөрчлийг арилгах, нөгөө бол Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах болно. Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийг гардан хэрэгжүүлж буй Нийслэл уг тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах хүртэл арга хэмжээ авна гэдгээ илэрхийлээд байна.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.66.87.78
    4 цагийн өмнө

    Хулгай н илрээд сандарч бна

    Хариулах