COP-17 хүлээн авагч орны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Х.Есү
2025/02/21

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг Монгол Улсад 2026 онд зохион байгуулах асуудлыг 2022 оны 5 дугаар сард олон улсын түвшинд дэмжин эрхээ авсан билээ.

Бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцод нэгдэн орсон Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон Ган, цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд, ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Нарийн бичгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Засгийн газраас олгосон бүрэн эрхийн дагуу тус хэлэлцээрт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд гарын үсэг зурсанаар баталгаажиж байгаа бөгөөд энэхүү ёслолын арга хэмжээ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн хотноо 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Бонн хотноо байрладаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын байранд дэлхий нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдаж байна. 

Монгол Улсын хувьд тус конвенцын талуудын бага хурлыг үндэсний онцлогоо тодотгон өөрийн улсаа сурталчлахаас гадна дэлхийн байгаль орчны олон талт хамтын ажиллагаанд хувь нэмэрээ оруулахыг зорин бэлтгэлээ хийж байна. Улмаар 2026 онд болон тус хурлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаар баталгаажсан “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” -ийн олон улсын чанартай арга хэмжээнүүдтэй уялдах юм. Чингэх нь манай улсын хувьд байгаль орчин, ногоон хөгжилд суурилсан яриа хэлэлцээнд урт хугацааны туршид манлайлах боломж, түүнийг дагасан бүхий л талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх үр шимийг нутагшуулах боломжтой болох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна