ХААН Банк орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуйн салбарыг дэмжихээр 100 сая ам.долларын санхүүжилт татлаа

Х.Есү
2 цаг 43 минутын өмнө

ХААН Банк нь Азийн Хөгжлийн Банк (АХБ)-тай эдийн засгийг төрөлжүүлэх замаар орон нутгийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн хөдөө аж ахуйн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор 5 хүртэлх жилийн хугацаатай 100 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уг санхүүжилт нь АХБ-аас Монголын санхүүгийн байгууллагад олгож буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилт болж байна.

Энэхүү санхүүжилт нь ХААН Банкны хөдөө аж ахуйн кластерийн стратегитай бүрэн нийцэж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн нэмүү өртгийн үйлдвэрлэлийг дэмжиж, Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэх юм. Мөн түүнчлэн хөдөө аж ахуй болон мал аж ахуйн боловсруулах үйлдвэрүүд, малчид, тариаланчид болон орон нутгийн бичил, ЖДБ-үүд, түүний дотор эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулагдана.

“Энэхүү төсөл нь Монгол Улсад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн АХБ-ын тууштай байр суурийг нотлон харуулж байгаа бөгөөд бичил болон ЖДБ-үүдэд тулгарч буй санхүүжилтийн дутагдалтай байдлыг бууруулахад чиглэх юм. ХААН Банктай хамтран ажилласнаар бид эмэгтэй бизнес эрхлэгчид, тариаланчид, малчид болон  бичил, ЖДБ-ийн бүтээмж, орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, улмаар улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэрээ оруулна.” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Shannon Cowlin онцоллоо.

“Монгол Улсын орон нутгийн эдийн засагт санхүүгийн хүртээмжийг бэхжүүлж, нэмүү өртгийн үйлдвэрлэлийг түргэсгэхэд чиглэсэн энэхүү томоохон санаачилгын хүрээнд АХБ-тай хамтран ажиллаж буйдаа бид талархалтай байна. Энэ санхүүжилт нь ХААН Банкны орон даяар байрлах салбар, нэгжүүдээр дамжуулан тариаланчид, малчид болон орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүжилтийг олгох боломжийг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн салбар дахь инновацийг дэмжин, эмэгтэй бизнес эрхлэгчдэд шинэ боломжийг бий болгох юм. Бид энэхүү эх үүсвэрийг орон нутгийн иргэдэд хүргэж, нэмүү өртгийн үйлдвэрлэлийг дэмжсэнээр тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.” хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа хэллээ. 

ХААН Банкны тухай

Монгол Улсын тэргүүлэгч ХААН Банк нь орон даяар нийт 548 салбар нэгж болон цахим сувгуудаар хүн амын 82% -д банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Монгол орны өнцөг булан бүрд иргэд, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч, мөн томоохон аж ахуйн нэгжийн харилцагчдадаа банк санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай хүргэж, харилцагчдынхаа өсөж хөгжих, урагшлах санхүүгийн аяллын алхам бүрд хамт байсаар байна.  ХААН Банк нь тогтвортой санхүүжилт, цахим банкны инновац болон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд тэргүүлсээр байна.

Азийн Хөгжлийн Банкны тухай

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмждэг тэргүүлэх олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллага юм. Нийгэмд тулгамдаж буй нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд АХБ нь гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран инновацлаг санхүүгийн хэрэгслүүд болон стратегийн түншлэлээр дамжуулан амьжиргааны түвшинг дээшлүүлэх, чанартай дэд бүтцийг бий болгох, эх дэлхийгээ хамгаалахад бодит хувь нэмэр оруулж байна. АХБ нь 1966 онд байгуулагдсан бөгөөд 50 бүс нутагт 69 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна