ХААН Банк “Оны онцлох аж ахуйн нэгж”, “Банкны салбарын онцлох энтрепренер”-ээр тодорлоо

Х.Есү
6 цаг 38 минутын өмнө

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжийг тодруулдаг “Энтрепренер-2025” шагнал гардуулах ёслолын үеэр ХААН Банкийг “Оны онцлох аж ахуйн нэгж”, мөн “Банкны салбарын онцлох Энтрепренер”-ээр шалгаруулж, мөнгө, хүрэл Меркури цом гардууллаа.

Оны онцлох аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахдаа компанийн сайн засаглал, хүний нөөцийн бодлого, олон улсын стандартын хэрэгжилт, түүнчлэн техник, технологийн шинэлэг шийдэлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, тухайн салбар дахь зах зээлийн байр суурь, улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмэр зэрэг цогц үзүүлэлтийг харгалзан үздэг гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “2025 онд ХААН Банк тогтвортой дунд хугацааны стратегийн төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлсэн, бодит үр дүн гаргасан онцгой жил байлаа. Бид бизнес зорилтоо биелүүлж, 23 их наядын актив хөрөнгөтэй банкны салбараа тэргүүлсэн амжилттайгаар энэ оныг үдэх гэж байна. ХААН Банк цахим банк болох зорилтын хүрээнд сүүлийн жилүүдэд дижитал шилжилтийн үндсэн бүтээн байгуулалтуудын суурийг амжилттай тавьж, дэвшилтэт банкны загварыг бүрдүүлж эхлээд байна. Харилцагч картаа захиалж, хүргүүлж авахаас эхлээд хэрэглээний зээл авах бүхий л процессийг бүрэн цахимжуулж, хүн бүрийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад нийцсэн дижитал банк болоод байна. Гар утастайгаа байхад л бүх төлбөр тооцоогоо харилцагч саадгүй хийж цаг заваа хэмнэдэг болсон. Өнөөдөр манай банкаар дамжиж буй нийт гүйлгээний 99.4 хувь нь онлайнаар хийгдэж байна. Мөн Киоск машин болон өөртөө үйлчлэх Digi Go салбарууд харилцагчдын санхүүгийн хэрэгцээг бүрэн хангаж байгаад бид баяртай байна” хэмээлээ.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 28 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд ХААН Банк “Оны онцлох 10 аж ахуйн нэгж”-ийн нэгээр тогтмол шалгарч ирсэн бөгөөд өнгөрсөн онд ГРАНПРИ шагнал, алтан Меркури цомын эзэн болсон билээ.

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 4-рт эрэмбэлэгддэг, үндэсний тэргүүлэгч банк ХААН Банк хамгийн өргөн цахим сүлжээ, орон даяар байрлах салбар нэгжээрээ дамжуулан Монголын хүн амын 82 хувь буюу 2.9 сая харилцагчид банк, санхүүгийн үйлчилгээг хүргэж буй. 2025 оны III улирлын байдлаар 302.8 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж, улсын орлого бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулаад байна. Мөн нийгмийн сайн сайхны төлөөх бодит ажлуудыг ХААН Банк тууштай хэрэгжүүлж, 2007 оноос хойш ХААН Банк сангаараа дамжуулан 536 төсөл, хөтөлбөрийг нийт 27.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүллээ.

“Хамтын өсөлт төгөлдөр” уриатай ХААН Банкийг улс орон, ард иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлдэг Монголын хамгийн том банк болтол хамтдөө өсөж ирсэн эрхэм харилцагчид, түншүүд, хувьцаа эзэмшигчид, мөн энэхүү амжилтыг үнэлж буй МҮХАҮТ-ын удирдлага, гишүүдэд талархал илэрхийлье.

                                               Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна