Таксины асуудалд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаас хандах ёстой

Zuv.mn
2025/12/29

Нийслэлийн такси үйлчилгээний хүртээмж, чанар стандартыг дээшлүүлэх ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцэж, такси үйлчилгээ эрхлэгчдэд хүүгүй зээл олгох асуудлыг хэлэлцсэн билээ. Төслийн хүрээнд эхний жилд 1000 ширхэг, гурав дахь жилд 500 ширхэг, 5 дахь жилд 500 ширхэг нийт 2000 цахилгаан (PHEV) автомашинаар парк шинэчлэлт хийж, нэгдсэн удирдлагын системд холбон такси үйлчилгээ үзүүлэх бөгөөд 77 тэрбум төгрөгийг зарцуулах асуудал яригдсан нь хэлэлцүүлгийн сэдэв болоод байна.

НИТХ хуралдсаны дараа “UBCab” аппликейшнийг үүсгэн байгуулагч Н.Отгонбаатар төр хувийн хэвшилтэй өрсөлдөх гэлээ хэмээн буруутгаж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар байр сууриа хамгаалж мэдэгдэл гаргаад буй.

Энд, маргааны гол сэдэв нь төсвөөс хөрөнгө гаргах асуудал бөгөөд, бусдаар бол хотын дарга, Н.Отгонбаатар хоёрын ярьж байгаа такси үйлчилгээ хоорондоо маш том ялгаатай юм.

Х.Нямбаатар даргын ярьж байгаа такси үйлчилгээ бол албан ёсны зөвшөөрөлтэй, авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй такси үйлчилгээ. Иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилготой учраас Нийслэлээс ийм бодлогын дэмжлэг авсан.

Харин Н.Отгонбаатарын яриад байгаа такси үйлчилгээ бол хувьдаа машинтай иргэдийг хэрэглэгчидтэй холбодог зуучийн үйлчилгээ. Үүнийхээ хариуд жолоочийн олсон орлогын 10-11 орчим хувийг авдаг юм билээ. Хувь жолоочид авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих эрх байхгүй. Мөн ачаалал ихтэй үед болон авто замын түгжрэлтэй үед нэмэлт төлбөр төлж байж үйлчилгээ авдаг. Такси үйлчилгээ авсан гэх давуу тал үндсэндээ байхгүй, гагцхүү хэн гэлдэг жолоочоор үйлчлүүлж байгаа нь тодорхой буюу буух эзэнтэй, буцах хаягтай болгож байгаа нь UBCab-ын хэрэглэгчдэдээ өгч буй гол давуу тал юм.


Харин Н.Отгонбаатар Нийслэлийг буруутгахдаа “Хятад машины борлуулалтыг дэмжих гэлээ” гэсэн нь иргэдийн дургүйцлийг л төрүүлэх зорилготой нь харагдсан. Учир нь, UBCab өөрөө Хятадын BYD фирмээс сарын 1.2, жилийн 14,4 хувийн хүүтэй 1000 автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар оруулж ирэхээр гэрээ хийчихсэн.

Тэгэхээр асуудлын гол нь Хятадаас машин авахаар болсонд биш, харин бизнесийн өрсөлдөөн болох нь харагдаж байгаа юм. UBCab такси үйлчилгээ үзүүлэгч хувь иргэдийг хэрэглэгчидтэй зуучилж ашиг хийдэг компани. Монголд амьдрал ядуу болохоор иргэд халтуур хийж амьдардаг олон байдаг, энэ утгаараа албан ёсны такси үйлчилгээ эрхлэгч ААН-үүд өрсөлдөж чадахгүй дампуурч байсан. Цаашид ч энэ байдал үргэлжилнэ. 

Тиймээс энэ асуудалд жолооч нар, зуучлагчдын талаас биш, "Нийслэлчүүд стандартын шаардлага хангасан, хүртээмж сайтай, аюулгүй, тохилог үйлчилгээ авах ёстой" гэдэг талаас хандах нь л гол юм. Иргэд түгжрэлийн минут тутамд 120 төгрөг төлж, зарим тохиолдолд хувь хүнээр үйлчлүүлснээс 2-3 дахин өндөр төлбөр төлж үйлчилгээ авсны хариуд UBCab гагцхүү аюулгүй байдал, буух эзэнтэй, буцах хаягтай гэдэг л давуу тал өгч байгаа. Таксины хүрэлцээгүй байдлаас нэмэлт ашиг олдог. Гэтэл иргэдэд нэгдүгээр эгнээгээр зорчиж, цагийг нь хэмнэх жинхэнэ такси үйлчилгээ хэрэгтэй байна.  

Нийслэлээс хувийн хэвшилд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь зээл, долоон жилийн дараа эргэн төлөгдөнө.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.