УИХ ҮХЦ-ийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авах эсэхээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн агуулга харагдана

Zuv.mn
4 цаг 3 минутын өмнө

Шинэчлэн боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэхээр бэлтгэгдэж байгаа энэ үед Хууль зүйн байнгын хороо "Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэсэн ҮХЦ-ийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэх гэж байна.  

Шинээр гарах хуулийн тухайд, олон нийт  "Олон улсын жишигт нийцсэн байх ёстой. Үндсэн хуулийн шинжийг агуулсан буюу бусад хуульд энэ хуульд нийцүүлсэн өөрчлөлтүүдийг оруулах, шинээр гарах, хэвлэл мэдээлэлтэй холбоотой хууль тогтоомжийг энэ хуульдаа нийцүүлдэг" байх ерөнхий шаардлага тавьчихаад хүлээж буй. 

Тэгвэл шинээр гарах хууль ямар байхыг урьдчилааад харах боломжийг олгох нэгэн асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хэлэлцэх гэж байна. 

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн сард "Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл, “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэн 10 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд энэ тогтоолыг УИХ-ын Хуульзүйн байнгын хороо хэлэлцэх юм.  

УИХ энэ шийдвэрийг хүлээж авбал Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль сайн хууль гарах итгэл батажна. Учир нь, дээр хэлсэнчлэн, одоо УИХ-аар хэлэлцэгдэх Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар дамжуулан одоогийн байдлаар Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй, хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн 14 хуулийн зүйл заалтыг өөрчлөхийг зорьж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 13.14 нь тэдгээр засах ёстой заалтуудын нэг юм. 

Одоогоос жилийн өмнө буюу 2024 оны арванхоёрдугаар сард УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад шинээр батлах хуульд хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн зүйл заалт оруулахгүй, харин ч хуульд байгаа болохгүй заалтуудыг хасна гэдэгт санал нэгдэж байсан. 

Одоогийн УИХ-ын дарга, тухайн үед Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Учрал тэр үед "МСНЭ-ээс Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа 14 хууль хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн байна, эргэж хараач” гэсэн. Гэтэл гарчихсан хуулиудыг хэрэгжүүлэх нь төрийн байгууллагуудын үүрэг. Хууль гарахаас өмнө тухайн батлагдаж байгаа хууль нь хэвлэлийн эрх чөлөөнд халтай байж болохгүй шүү гэдгийг хуулиар зохицуулчихсан мөртлөө л батлагдчихдаг. Нэгэнт гарчихсан хуулийг бол Прокурор нь ч хэрэглэнэ, Зохицуулах хороо ч хэрэглэнэ шүү дээ. Тиймээс асуудлыг өргөн утгаар нь харж, МОНГОЛ ХҮНИЙ ҮГЭЭ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА АЖИЛЛАХ ЁСТОЙ. ҮҮНИЙГ МАНАЙ ГИШҮҮД ДЭМЖИЖ БАЙГАА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН" гэж хэлж байв. 

Тэгэхээр, Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны явц, гишүүдийн байр сууринааас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ямар байдалтай батлагдахыг урьдчилаад төсөөлөх боломжтой юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна