Г.Номин: Шинэ оны баярыг сайхан тэмдэглэхийн зэрэгцээ үр хүүхдээ халдварын эрсдэлээс хамгаалж, хайраа хариуцлагаар илэрхийлье

Zuv.mn
3 цаг 44 минутын өмнө

Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тэрбээр "Эрхэм хүндэт иргэд, эцэг эхчүүд ээ! Эрүүл мэндийн салбарын үнэтэй хамт олон минь!!

Та бүхэндээ айлчлан ирж буй Шинэ оны мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье! Баярын энэ өдрүүдэд та бүхэн минь эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе.

Гэхдээ баяр ёслолын энэ үеэр бидэнд анхаарах нэг чухал асуудал байна. Сүүлийн 24 цагийн байдлаар манай улсад улаанбурхан өвчний 11 тохиолдол батлагдаж, Улаанбаатар хот, Дорнод, Хэнтий аймгуудад тархалт ажиглагдаж байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 12 дугаар сарын 30-нд, мөн миний бие өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаа.

Яагаад одоо онцгой анхаарах ёстой вэ?

Шинэ жилийн баярын өдрүүд, гадаад улсын аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед хүмүүсийн зорчих хөдөлгөөн, цугларалт ихэсдэг. Улаанбурхан өвчний нууц үе дунджаар 9-11 хоног үргэлжилдэг тул баярын өдрүүдэд авсан халдвар нь сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхлэхтэй зэрэгцэн илрэх магадлал өндөр байна. Тиймээс баярын өдрүүдэд та бүхнийг өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас хамгаалахыг уриалж байна.

Юунд анхаарах вэ?

Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, гараа тогтмол угааж, амны хаалт зүүх

Бага насны хүүхэдтэй айлд зочилж очихгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа, гадаад орноор аялаад ирсэн бол маш болгоомжтой байгаарай.

Дархлаажуулалт: Хамгийн гол нь дархлаажуулалт юм. Одоогоор 6-8 сартай хүүхдүүдийн дархлаажуулалтын хамралт 54.9% байгаа нь хангалтгүй үзүүлэлт шүү. Тиймээс залуу ээжүүдээ, 6 сар хүрсэн хүүхдээ товлолын дагуу вакцинжуулалтад бүрэн хамруулахыг онцгойлон уриалж байна. Вакцин бол хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах хамгийн найдвартай бөгөөд үр дүнтэй арга юм.

Вакцин хангалттай: Бид хангалттай вакцин нөөцтэй. 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан, улаануудын эсрэг нийт 530,100 хүн тун вакцины нөөц бэлэн байна.
Эрүүл мэндийн салбарын нийт хамт олон минь, бид хамтдаа, нэг баг болон энэ сорилтыг даван туулж чадна. Иргэн бүр хариуцлагатай байж, бие биенээ эрүүл мэндээрээ хамгаалцгаая!

Шинэ ондоо гэр бүлээрээ эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе" гэжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна