Менингит өвчний тохиолдол Увс аймгийн Малчин суманд бүртгэгджээ. Аймгийн Эрүүл мэндийн газар өчигдөр энэ талаар мэдээллээ.
Менингитээр өвчилсөн хүүхэд нь таван настай бөгөөд 3-ны өдөр хийсэн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж.
Менингитийн тохиолдол батлагдсаны дараа Увс аймгийн Эрүүл мэндийн газар болон НЭ-ийн шуурхай баг Малчин суманд ажиллаж, ойрын хавьтлын судалгаа хийж, 36 хүнийг тархвар судлалд хамруулан, назофарингитын үзлэг хийж, 25 хүнээс хоолойн арчдасны шинжилгээ авчээ.
Мөн Малчин сумын төвийн Цалгар багийн 11 өрхийн 45 хүнд менингит өвчний талаар сургалт, мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх хими сэргийлэлт хийсэн байна. Иргэдийн 16 нь 0–15 насны хүүхэд, үлдсэн нь насанд хүрэгчид байжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна