Н.Батсуурь: Намайг хүчээр зодог тайлуулах гэсэн оролдлого юм уу

Х.Есү
2 цаг 58 минутын өмнө

Дархан аварга Н.Батсуурь өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Допингийн эсрэг төв гэж яг ямар ач холбогдолтой байгууллага юм бэ? Яагаад хоёр жил дараалан нэг л хүнд хэд хэдэн удаа шинжилгээ авна гэж шахаж байгаа юм бэ? Хүчээр зодог тайлуулах гэсэн оролдлого юм уу?

Өмнө нь Зүчи гэдэг хүн энэ асуудлаар цагдаад өргөдөл өгсөн боловч хэрэг нь нам даруулсан гэх яриа бий. Одоо бүр утсаар холбогдохгүй, оны өмнө имэйл илгээчихээд “1-р сарын 1-нээс өмнө” гэх мэт шахалт үзүүлж байна. Энэ арай дэндэж байгаа хэрэг биш үү?

Өмнөх жил би дөрвөн удаа шинжилгээ өгсөн. Бүр гэрт унтаж байхад зөвшөөрөлгүй орж ирж байсан удаа ч бий. Ийм дураараа авирлах эрх төрийн бус байгууллагад байх ёсгүй.

Татвар төлөгчдийн мөнгө зүгээр нэг төрийн бус байгууллагын “амьдрах арга” болж байгааг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Бөхчүүд дуу нэгтэйгээр энэ асуудалд дуугарч, байр сууриа илэрхийлэх цаг аль хэдийн болсон.

Энэ ирсэн имэйлийг бөхчүүд уншаад үзээрэй. Бид сайн дураараа барилдаж байгаа, Олимпийн төрөлд харьяалагддаг мэргэжлийн тамирчид биш. Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь бөхчүүдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалах байгууллага гэдгээ ухамсарлах ёстой.

Эрхэм Н.Батсуурь ADAMS системд бүртгэснийг өмнөх цахим шуудангаар мэдэгдсэн билээ.

Гэвч та 2026 оны эхний улирлын Шинжилгээний бүртгэлийн сангийн байршлын мэдээллээ ADAMS системд оруулаагүй байгааг үүгээр мэдэгдэж байна.

Байршлын мэдээллээ оруулах эцсийн хугацаа дууссан болоохыг танд сануулж байна. 

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 5.18-д заасны дагуу Шинжилгээний бүртгэлийн санд багтсан тамирчин нь байршлын тухай мэдээллийг улирал бүр ADAMS системд бүрэн, үнэн зөв оруулах, шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчлэн засварлах, мөн өгсөн байршлын мэдээллийнхээ дагуу допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байх үүрэгтэй. Түүнчлэн Дүрмийн 2.4.4-т зааснаар байршлын тухай мэдээллээ хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл худал, дутуу мэдээлэл өгсөн тохиолдол нь байршлын мэдээллийн бүртгэлийн алдаанд тооцогдох үндэслэл болохыг анхаарна уу.

Иймд та 2026 оны эхний улирлын байршлын мэдээллээ ADAMS системд цаг алдалгүй оруулж, цаашид аливаа өөрчлөлт орсон тохиолдолд мэдээллээ тухай бүр шинэчлэн ажиллахыг хүсье.

Байршлын мэдээлэлд дараах мэдээллийг заавал бүрэн тусгасан байна. Үүнд:
- Одоогийн оршин суугаа хаяг болон мэдэгдэл хүлээн авах цахим шуудангийн хаяг;
- Өдөр бүрийн 05:00–23:00 цагийн хооронд допингийн шинжилгээ өгөх боломжтой үргэлжилсэн 60 минутын нэг цаг;
- Тухайн улирлын турш өдөр бүр хоноглох газрын хаяг (гэр, түр байр, зочид буудал гэх мэт);
- Бэлтгэлийн талаарх мэдээлэл (бэлтгэл хийх газрын нэр, хаяг, хуваарь);
- Тэмцээний талаарх мэдээлэл (тэмцээн зохион байгуулагдаж буй газрын нэр, хаяг, хуваарь);
- Өдөр тутмын амьдралын үйл ажиллагааны цагийн хуваарь;
- Аялал хийх тохиолдолд тухайн аялалтай холбоотой бүх мэдээлэл;
- Допингийн эсрэг байгууллага болон холбогдох Олон улсын холбоод танаас допингийн шинжилгээ авахад шаардлагатай бусад бүх мэдээлэл.

Хэрэв та зодог тайлахаар шийдсэн бол энэ тухай Үндэсний допингийн эсрэг байгууллагад албан ёсоор бичгээр мэдэгдэхийг хүсье.

Энэхүү бичигтэй холбоотой асуулт, тодруулга эсвэл нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна