Ц.Хуланг шаарлах хэнд ашигтай вэ

Zuv.mn
3 цаг 2 минутын өмнө

Яруу найрагч Ц.Хуланг саявтархан олон нийтийн сүлжээнд эх орноосоо урвасан хэргээр нь дайруулж баахан доромжлов. Удалгүй Ц.Хулан хохирсон хүний дүрээр ил гарч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хандан, “Өөрийг нь гүтгэж, доромжилж байгаа хүмүүсийг шалга” гээд төгсгөлд нь “Тэгэхгүй бол гадаад улсын иргэн болно шүү” гэж сүрдүүлсэн аяс оруулсан байх юм. Хамгийн гол нь, тэрбээр өөрт нь шүүхээс тулгасан хэрэг, гаргаж тавьсан нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгээд хаячихав.

Нэгд, Шүүхээс оноосон шийтгэлийг илүү ч үгүй, дутуу ч үгүй шууд л “Гүтгэлэг” гэв. Үүний цаана би бол гэм буруугүй буюу гэм буруугаа хүлээгээгүй гэсэн агуулга байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хууль зөрчиж, гэм буруугаа хүлээгээгүй хүнд уучлал үзүүлсэн мэт ойлголтыг төрүүллээ. Хуульд Ерөнхийлөгч уучлал, УИХ өршөөл, Шүүх цагаатгах эрх эдэлнэ, Ерөнхийлөгч уучлал үзүүлэхийн тулд заавал гэм буруугаа хүлээж, уучлалт хүсэх шаардлагатай гэж заасан байгаа.

Хоёрт, “Олон сая төгрөг аваагүй” гэжээ. Тэрбээр “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тооцогдон шүүхээс найман жил, нэг сар хоригдох ял авсан. Шүүхээс Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ бол факт. Үүнийг үгүйсгэж байна.

Үүнээс гадна, Ц.Хуланг ингэж доромжлох нь хэнд ашигтай вэ. Тэр аль улс руу гарах вэ, тэр нь Монгол Улсыг яаж хохироох юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч байна.

Үүнд барууны улс руу цагаачлах бодолтой, түүндээ хүрэхийн тулд эх орондоо амьдрах аргагүй болсон мэт байдлыг үүсгэх зорилготой өөрөө хийсэн байж болох, эс бөгөөс Ц.Хулангийн иргэншлийг хэвээр хадгалах том эрх ашиг Монгол Улсад байгаа юм байна гэсэн хоёр л хувилбар санаанд орох. 

Эцэст нь, Ц.Хуланг гэнэт гаргаж ирэн хэргийг нь сануулж олон нийтээр жигшүүлэн шаарлах нь хэнд ашигтай байж болох вэ. Хариулахад хамгийн хэцүү асуулт нь энэ байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна