Унтраая, хэмнэе!

Zuv.mn
3 цаг 53 минутын өмнө

Монголын эрчим хүчний хамгийн том эх үүсвэр ДЦС 4 гэмтлийн улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болж, хэрэглэгчдийн эрчим хүчийг хуваарийн дагуу хязгаарлаж байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд хувийн хэвшлийн барьж байгуулсан, 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн ДЦС түлшинд хэрэглэдэг нүүрс нь хөлдсөний улмаас 120 МВт эрчимм хүчийг л төвийн шугамд нийлүүлэх болсон тул хязгаарлалыг үргэлжлүүлэхээр болсон талаар салбарын сайд нь мэдэгдлээ. 

Салбарын мэргэжилтнүүдийн зүгээс "Нөөцгүй улайстлаа ажиллаад гэнэт асуудал үүсгэж сандарч байснаас ерөнхийдөө хязгаарлалт тогтоогоод явбал яасан юм бэ" гэсэн санал гаргаж байна. Тэгвэл хязгаарлалт хийхгүйгээр шийдэх нэг боломж байгаа нь иргэд хэрэглээндээ хэмнэлтийг хэвшүүлэх юм. 

Төр мөнгөө хэмнэж болно. Иргэд хэрэгцээгээ нөөцөлж болно. Харин цахилгаан эрчим хүчийг
хадгалж болдоггүй. Болдог байсан бол, тэр аргыг нь нээсэн хүн лавтай манай эриний баатар
болох байсан нь дамжиггүй. Чухам тийм учраас өвөл бид хөлдөж магадгүй. Өдгөө дэлхий
нийтийн хараалыг идэж, сөрөн зогсож чадах эсэх нь эргэлзээтэй байгаа ОХУ-аас бид эрчим
хүчний хамааралтай байдаг билээ.

Монгол Улс жилийн жилд л өвөл хэрэглэх эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг ОХУ-аас
худалдаж авдаг байсан. Одоо харин ердийн үеийн хэрэгцээгээ хангахын тулд ямар ч нөөцгүй
бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Өвөл ОХУ-аас нийлүүлэх эрчим хүч доголдвол
хомсдол зайлшгүй. Бид шатахуун дээр нэмэгдээд эрчим хүчээрээ ОХУ-д барьцаалагдах
болчихоод байна. Ер нь ч хойд хөршөөсөө нөхдөг байсан болохоос эрчим хүчний хямрал
2010-аад оноос л хоолой дээр тулчихаад яваад байсан. Гэсэн ч асуудлаа шийдэхгүй байсаар
маш хүнд байдалд орох нь. Энэ нийтлэлийн утга санаа, зорилго нь гарцгүй байдалд орсон
монголчуудыгаа тавлах гэсэнд бус. Өнгөрсөн жилүүдэд буруу бодлого барьж ирсэн эрх
баригчдыг ч буруутгах гэсэнгүй. Гагцхүү улстөрчид, эрх баригчид эв түнжинтэй, нэг зүгт харж
ажиллах, хүндээ хөнгөнөөс өгөхгүй байх нь ямар чухал вэ гэдгийг бодит баримтад түшиглэн
ойлгуулах, иргэдэдээ санаа сэдэл өгөх гэснийх юм.

Тэгэхээр, бид өвөл эрчим хүчний хямралд орох магадлал үргэлж байдаг гэдгийг энэ удаагийн тохиолдол харууллаа. ОХУ-аас хангамж доголдох л юм бол эрчим хүчний өлсгөлөнд ороод байгаа урд хөршөөс илүүчлэнэ гэж горьдсоны гарз. Ингээд хязгаарлалт хийлээ гэхэд иргэд хамгийн их хохирно. Иргэдээ бодох уу, үйлдвэрлэлээ, эдийн засгаа бодох уу гэдэг сонголт нь төрд бий. 

Төр уул уурхай, үйлдвэрүүдээ юун түрүүнд хангахыг чухалчилна. Тэр нь ч зөв. Ингээд эцсийн эцэст иргэд, тэр дундаа хөдөө орон нутаг, төвийн гэр хороолол л цахилгааны хязгаарлалтад илүүтэй өртөнө.

Тиймээс айл өрх, албан байгууллага бүр "Унтраа, хэмнэ" уриалгыг хэрэгжүүлж, бүх нийтийн хөдөлгөөн болгоё. Эрчим хүчний чадлын дийлэнхийг үүрч, улайстлаа ажиллаж байгаа IV цахилгаан станцын ажилтнууд, эрчим хүч тасалдвал хамгийн түрүүнд зутрах иргэдээ бодоод хязгаарлах гэж байгаа 15 хувийн чадлыг хэмнэлтээр гаргаад өгчихье. Эрчим хүчний зөв хэрэглээ хэвшүүлснээр 30 хүртэл хувийн хэмнэлт хийх боломж байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна