16 настай Ч.Ш охины амь насыг хөнөөсөн Ц.Д, уг хэрэгт хамжигчаар оролцсон Э.Г, Э.Н нарт холбогдох хэргийн Шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэллээ.
Шүүх хурлын эхэнд шүүгдэгчдийн өмгөөлөгч болон шүүгдэгчээс санал хүсэлт байгаа эсэхийг асуухад шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч гэрч нэмж оролцуулах хүсэлтийг гаргасан. Шүүх бүрэлдэхүүн энэ саналыг хэлэлцэж байна.
Энэ хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 13-нд болж, шүүгдэгч Ц.Д урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлтээсээ татгалзсаны улмаас энэ сарын 22-нд шүүх хурлыг явуулахаар товлосон билээ. Тэрбээр урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “хэргийн материалтай танилцах хүсэлтээ урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт хэмээн андуурч гаргасан байна ... хүсэлтээсээ татгалзаж байна ... хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан юм.
Прокуророос яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,
Яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар,
Өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна