С.Одонтуяа: СУИС-ийн долоон залууд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн асуудлыг зүгээр сонсоод өнгөрч болохгүй

С.Гандэлгэр
5 цаг 21 минутын өмнө

Ангийнхандаа хүчирхийлүүлсэн хохирогч эмэгтэйн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "19 настайдаа СУИС-ийн долоон залууд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн асуудлыг бид зүгээр сонсоод өнгөрч болохгүй. Тэрээр дөрвөн удаа хуулийн байгууллагад хандсан атлаа өнөөдрийг хүртэл асуудлаа шийдүүлж чадаагүй байна. 

Хүчирхийллийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллага шударга, шуурхай шийдэх ёстой. Хүчирхийлэл, бэлгийн гэмт хэрэг гэдэг “Хувь хүний асуудал” биш, энэ бол нийгмийн аюулгүй байдал, хүний эрхийн асуудал юм.

Монгол Улсын ууган сургуулиудын нэг, урлагаар дамжуулж нийгэмд соёлыг түгээх ёстой сургуульд удаа дараа ийм хэрэг гарч байгаад харамсаж байна. Бид хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдод хайхрамжгүй хандсанаар ил гараагүй, зориглоогүй, нуугдаад өнгөрсөн хэдэн ч хүн энэ хор уршгийг ганцаараа үүрч, сэтгэл зүй, бие махбод, амьдралынхаа туршид хохирсоор ирсэн байж болзошгүй.

Бусад улсын жишгээр биеэ хамгаалах чадамжгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох нь маш хүнд хэлбэрийн хүчирхийллийн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд хохирогчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд төр, хууль хяналт, байгууллагын түвшинд бүх арга хэмжээг авч ажилладаг.

Харин бидэнд эсрэгээрээ хохирогчийг ганцааранг нь үлдээдэг, хуулийн байгууллагад хандсан ч шийдэлгүй удаашруулдаг, “Асуудлаа ярихаар өөрөө нэр нүүрээ барна” гэж айлгадаг, улмаар хүчирхийлэл чимээгүй, хэвийн мэт үргэлжлэх хөрс бүрддэг. Тиймээс энэ асуудлыг “зүгээр нэг шуугиан” гэж харах бус, шударга ёс, хүний эрх, ирээдүй хойчоо хамгаалах асуудал гэж үзэн хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Уг асуудлаар хууль, хяналтын байгууллага шударгаар шийдвэрлэж ажиллаж байна уу гэдэг дээр хатуу хяналт тавина" гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.