Эрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтвортой тогтолцооны суурь болно

Б.Мөнхболд
2 цаг 53 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 11 сарын 05 ны өдөр 154 дүгээр тогтоолоор “2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Мөн уг тогтоолтой холбогдуулан УИХ-ын даргын 526 дугаар захирамжаар Улсын Их Хурлын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.

Дэмжих жилийн хүрээнд:
Эрүүл мэндийн тухай хууль
Эрүүл мэндийн ажилтны тухай хууль
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг тус бүр боловсронгуй болгохоор зорьж байна.

Энэ хүрээнд “Эрүүл мэндийн ажилтны тухай хууль”-ийг боловсруулж D-Parliament, lawforum.parliament-д байршууллаа.

Эрүүл мэндийн салбарын тогтвортой байдал нь зөвхөн барилга байгууламж, тоног төхөөрөмжөөс бус, хамгийн түрүүнд хүний нөөцөөс хамаардаг. Гэвч өнөөдөр эмч, сувилагч, эрүүл мэндийн бусад ажилтны эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, мэргэжлийн хамгаалалт нэгдсэн бодлогоор зохицуулагдаагүй хэвээр байна.
Ажлын ачаалал их, эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн онцлогийг хуульчлаагүйгээс хүний нөөцийн тогтвортой байдал алдагдаж, чадварлаг боловсон хүчин салбараас гарах, гадагш шилжих хандлага нэмэгдэж байна.
Энэ нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид шууд нөлөөлж буй бодлогын түвшний асуудал юм.
Олон улсын жишигт эрүүл мэндийн ажилтны эрх, үүрэг, мэргэжлийн хариуцлага, хамгаалалтыг тусгай хуулиар зохицуулж, эрүүл мэндийн тогтолцооны тогтвортой байдлыг хангаж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ажилтныг хамгаалах бодлого нь үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг онцолдог.
Иймээс Эрүүл мэндийн ажилтны тухай хууль нь салбарын дотоод асуудал бус, иргэдийн эрүүл мэндийн баталгаа, улсын хөгжлийн бодлогын чухал бүрэлдэхүүн юм. Хүний нөөцөд суурилсан бодлогын энэхүү шинэчлэл нь эрүүл мэндийн тогтолцоог тогтвортой болгож, нийгмийн итгэлийг бэхжүүлэх стратегийн алхам байх ёстой.

Доорх холбоосоор орж хуулийн төсөлтэй танилцаж, саналаа үлдээнэ үү.

https://lawforum.parliament.mn/

https://d.parliament.mn/tusul/...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна