Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр удахгүй болох гэж буйтай холбоотой зах худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй байна.
Амар мэндээ мэдэлцэж, элбэг дэлбэг идээ будаагаа засдаг уламжлалт сар шинийн баярын бэлтгэл хийхэд хэдэн төгрөг зарцуулагдахаар байгаа болон баярын ширээний хэвийн боов, хонины ууц, ааруул цагаан идээ ямар үнэтэй байгааг Хархорин захаас сурвалжлалаа.
Зах худалдааны төвүүдэд хонины ууц 300-800 мянган төгрөг байгаа бол үхрийн өвчүү 200-500 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн тавгийн хэвийн боов ширхэг нь дунджаар 6000 төгрөг, цагаан идээ кг нь 23000 төгрөг байв.
Иргэд цагаан сарын бэлтгэлээ хийх дундаж төсөв 2 саяас 4 сая төгрөгийн хооронд байгааг хэлж байна.
Хэвийн боовны худалдагч н.Дорждэрэм "Энэ жил хэвийн боовны үнэ бага зэрэг нэмэгдсэн. Тухайн үйлдвэр, орц, хэлбэр хийцнээсээ шалтгаалаад үнэ нь өөр өөр байгаа. Хамгийн хямд нь 4000 төгрөг байгаа бол хамгийн өндөр үнэтэй нь 8000 төгрөг байна.
Дундаж таваг нь 150.000 төгрөг болж байна. Үүнээс илүү үнэтэй нь ч байна, хямд нь ч байна. Тухайн айлынхаа тавагны хэмжээ, тойргоос шалтгаалаад харьцангуй өөр байгаа. Ахмад үеийнхэн нь таваас долоон үе таваг жишиж байгаа бол залуу гэр бүлүүд ёс болгож гурван үе таваг засаж байна.
Ер нь бол аав, ээжээсээ илүү үе таваг засдаггүй л гэдэг юм" гэв.
"Хархорин" захын гадна эгнэсэн их машинуудад хонины ууц хэмжээ, хэлбэр, үнийн ялгаатайгаар худалдаалагдаж байлаа.
Тэдний нэг махны худалдаачин "Хонины ууц 300.000-800.000 төгрөгөөр зарж байна. 50 гаруй ууцтай ирсэн одоо дуусах дөхөж байна. Иргэдийн худалдан авалт харьцангуй бага байна. Ихэвчлэн дундаж үнэтэй 400.000-500.000 төгрөгөнд ууц хайж байна.
Энэ жил үнэ бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ худалдан авагчиддаа аль болох ярилцаад хямдруулаад өгч байна" гэв.
Захын гадна, дотор хөл хөдөлгөөн тасрахгүй, ахмад голдуу настай иргэд бараа бүтээгдэхүүний үнэ судлан хэд хэд тойрч яваа харагдана.
Иргэн "Энэ жилийн цагаан сарын төсөв 2.000.000-4.000.000 сая төгрөгийн хооронд байхаар байх шиг байна. Би яах вэ хөдөөний хүүн мал мах, цагаан идээгээ өөрөө хийчихнэ. Хүний гар дээш нь харуулах бэлгээ авахад л хоёр сая төгрөг болохоор байх шиг байна. Юмны үнэ ч нэмэгдсэн байна. Тэглээ гээд яах билээ уламжлалт сар шинийн баяраараа зовлон ярихгүй л баярлахыг хичээж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна