МҮЭХ цалингийн нэмэгдэлтэй холбоотой шийдвэрүүдийг шалгуулахаар ҮХЦ-д хандлаа

Х.Есү
2 цаг 25 минутын өмнө

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ч.Нарантуяа нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өнөөдөр өглөө мэдээлэл хүлээлгэн өглөө.

Тус мэдээлэлд Засгийн газрын 2024 оны 238, 2025 оны 224, 225 дугаар тогтоолууд, мөн Боловсролын сайдын А/613, А/20, Эрүүл мэндийн сайдын А/11 тоот тушаалууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байж болзошгүй талаар үндэслэлтэйгээр дурдсан байна.

Үүнд:

Засгийн газраас хуульд заасан онцгой бүрэн эрхийг салбарын сайд нарт шилжүүлж, эрх зүйн хэм хэмжээний эрэмбийг алдагдуулсан,

Нэг ижил албан тушаал, ижил мэргэжил, ижил ажлын нөхцөлд ажиллаж буй ажилтнуудад ялгаатай цалин тогтоосон нь “ажил эрхлэлтээр ялгаварлан гадуурхахгүй байх”, “тэгш байдал”-ын зарчмыг зөрчсөн,

Захиргааны акт нь ойлгомжтой, тодорхой, тогтвортой байх хуулийн шаардлагыг хангаагүй,
Ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах баталгааг үндэслэлгүйгээр хязгаарласан,

Салбарын санхүүжилт, эдийн засгийн баталгааг алдагдуулж, төсвийн болон хөдөлмөрийн харилцаанд эрсдэл үүсгэсэн гэж үзсэн байна.

Энэхүү мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэн өгснөөр төрийн захиргааны шийдвэрүүд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавиулж, иргэдийн хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах үндсэн баталгааг хамгаалах зорилготой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна