Үндсэн хуулийн цэц төрийн залиланг илчлэх үү

Zuv.mn
2 цаг 17 минутын өмнө

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ч.Нарантуяа нар өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдээлэл гаргасан билээ.  

Мэдээлэлд Засгийн газрын 2024 оны 238, 2025 оны 224, 225 дугаар тогтоолууд, мөн Боловсролын сайдын А/613, А/20, Эрүүл мэндийн сайдын А/11 тоот тушаалууд нь

-Засгийн газраас хуульд заасан онцгой бүрэн эрхийг салбарын сайд нарт шилжүүлж, эрх зүйн хэм хэмжээний эрэмбийг алдагдуулсан,

-Нэг ижил албан тушаал, ижил мэргэжил, ижил ажлын нөхцөлд ажиллаж буй ажилтнуудад ялгаатай цалин тогтоосон нь “ажил эрхлэлтээр ялгаварлан гадуурхахгүй байх”, “тэгш байдал”-ын зарчмыг зөрчсөн,

-Захиргааны акт нь ойлгомжтой, тодорхой, тогтвортой байх хуулийн шаардлагыг хангаагүй,

-Ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах баталгааг үндэслэлгүйгээр хязгаарласан,

-Салбарын санхүүжилт, эдийн засгийн баталгааг алдагдуулж, төсвийн болон хөдөлмөрийн харилцаанд эрсдэл үүсгэсэн гэсэн үндэслэл дурьдсан.

Энэхүү мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэн өгснөөр төрийн захиргааны шийдвэрүүд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавиулж, иргэдийн хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах үндсэн баталгааг хамгаална гэж үзэж буй.

Үүнээс эхний буюу Засгийн газар цалин, урамшуулал нэмэгдүүлэх эрхийг салбарын сайдад шилжүүлдэг гэсэн шалтгаан нь бусад салбарт доргилт өгч мэдэхээр жинтэй шалтгаан байна.

Багш нар дээр жишээ авч ярихад, тэдний гар дээрээ авч байгаа цалингийн багагүй хэсгийг сайдын тушаалаар нэмэгдүүлсэн хэсэг эзэлдэг бөгөөд энэ нь тэтгэвэрт гарахад авдаг 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг бодоход тооцогддоггүй.

Засгийн газар цалин нэмэх шийдвэр гаргаж, Ерөнхий сайд зарладаг ч салбарын сайдын тушаалаар нэмэгдүүлснээр төрд ашигтай байдал үүсгэдэг гэсэн үг.

Сайдын тушаалаар нэмэгдүүлсэн цалин, урамшуулал нийлээд гар дээрээ 1.6 сая төгрөг авдаг, багш тэтгэвэрт гарахад “Хэдэн жилийн өмнө Засгийн газрын шийдвэрээр нэмэгдүүлсэн үндсэн цалин чинь 1,0 сая төгрөг байна аа хө. Сүүлийн нэмэгдлүүд чинь Боловсролын сайдын тушаалаар нэмэгдсэн байна” гэж хэлээд 1,0 сая төгрөгөөс тооцоод өгчихдөг гэсэн үг.

Энэ утгаараа сая цалингийн нэмэгдлийг П.Наранбаяр сайд руу шилжүүлж, сайдын тушаалаар цалин нэмсэн болгосон бол энэ нь төр багш нарт олгох 36 сарын нөхөн олговрын нэмэгдлээс зайлсхийсэн явдал байж болзошгүй.

Хэрвээ ҮХЦ Үйлдвэрчний эвлэлүүдийн гомдлыг хүлээж авч шийдвэрлэвэл жишиг болж, олон салбарт ажлууд хийгдэх эхлэл болно.  

Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг нухацтай шалгаж, хөдөлмөрчдийн талд шийдвэр гаргах эсэхийг харах л үлдэж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна