А.Амартүвшин: Намайг жаахан байхад л зурагтаар утаа, түгжрэл яригддаг байсан. Одоо ч ярьж байна

Х.Есү
3 цаг 5 минутын өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ. Хурлаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг Хотын дарга мэдэгдээд байна.

Бид хотын даргын орлогч А.Амартүвшингээс зарим зүйлсийг тодрууллаа. Тэрбээр, “Шинэ Улаанбаатар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс энэ том төслүүдээ явуулах ёстой. Мега төслүүдээ явуулж байж Улаанбаатар хот эдийн засгийн хөгжил дараагийн түвшинд хүрнэ. Бүх том төслүүдээ зогсоох юм бол 10 жилийн өмнө Улаанбаатар хот ямар байсан 10 жилийн дараа яг тиймээрээ л байна. Тэгэхэд олон улсын хотууд биднийг 50-60 жилээр орхиод явчихлаа шүү дээ. Намайг жаахан байхад л зурагтаар утаа, түгжрэл яригддаг байсан. 30 жилийн дараа хотын удирдлага болоход энэ асуудал яригдсаар л байна. 

Талбай дээр хэдэн хүн гарч жагсаад зөрчсөн байна гэхээр зөрчсөн болчихдог. Ингэж ямар ч баримт, нотолгоогүй дайрч болохгүй. Хууль хяналтын байгууллагынхан л шалгах ёстой шүү дээ.  Улаанбаатар хот тогтвортой бодлого барих ёстой. Нэг даргаа өөр нэг даргаар сольдог. Манай Монголд нэг увайгүй зан байдаг. Өмнөх удирдлагынхаа ажлыг бүгдийг нь үгүйсгэж байгаад дахиад шинээр ажил хийдэг. 

2028 онд бид ямар нүүрээрээ иргэд дээрээ очиж биднийг сонгоорой гэх вэ. Бид Туулын хурдны замыг барьж түгжрэл бууруулна гэж хэлсэн. Гэтэл үүнийг нь зогсоочихлоо. Хэзээ хүртэл бид нүүрс түлж, агаарын бохирдолтой байх юм бэ. Хуулийн байгууллага шалгаж болно. Харин ажил нь зогсож болохгүй” гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.