Туулын хурдны замын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж түр зогсоогоод буй.
Нөгөө талд УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Туулын хурдны замын төслийг явуулж Улаанбаатарыг түгжрэлээс салгах ёстой, том мега төслүүдээ явуулж байж улс орон хөгжинө гэсэн байр суурь илэрхийлж байна.
Энэ талаар болон АН-ын бүлгийн даргын асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийг түр хугацаанд зогсоосон. Таны хувьд энэ төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?
- Туулын хурдны замыг шууд хааж, зогсоож байгаа нь буруу. Тэгээд түгжрээд л байх юм уу. Байгаль орчинд үнэхээр хортой нөлөөлөөд байгаа бол түүнийг яаж арилгах юм. Яаж гарц шийдэл олох юм гэж ярихгүйгээр шууд зогсоож байгааг буруу гэж бодож байна.
Хүн хашаандаа байшин барих гэж л өчнөөн бэлтгэл хийдэг шиг Туулын хурдны замын бэлтгэл гээд ноднингоос эхлээд баахан мөнгө төгрөг шилжүүлсэн байсан. Одоо үүний хариуцлагыг хэн хүлээх юм. Түгжрэлийн эсрэг бодитой юу хийх юм гээд олон эргэлзээ байна. Ер нь байгаль орчинтой холбоотой асуудлаа тодорхой болгоод энэ замаа тавиасай. Улаанбаатар хот түгжрэлгүй болоосой гэж бодож байна.
-Та Засгийн газрын түвшинд ажиллаж байсан хүн. Ер нь Засаг хооронд ямар ч уялдаа холбоо байхгүй байгаа асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхий сайд Н.Учрал маань ер нь би мега төсөл ярихгүй гэх шиг болно лээ. Би бол харамсаж байна. Зөв гэж бодсон, болгоно бүтээнэ гэсэн зүйлээ хийж байж улс төрд улс орон алсын хараатай явдаг. Бид одоо хажуу хөрш улсаа л харъя. Ямар гоё алсын хараатай байна. Дэлхийн хөгжиж байгаа улс орнууд дандаа бүтээн байгуулалт хөгжил дэвшил ярьдаг. Бид үүнийг ярихгүй гээд яах юм. Зөв буруу гэдэг бол тусдаа асуудал. Мөрөөдөлгүй, хийх төсөлгүй тэрний хойноос явахгүй байна гэдэг бол бүр том асуудал гэж би бодож байна.
-Туулын хурдны замыг анх эхлэхдээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээний шаардлага хангахгүй, дээрээс нь иргэдээс санал аваагүй нь хууль зөрчсөн гэдэг зүйлийг хүмүүс яриад байна. Эхнээсээ бүгдийг нь норм журмын дагуу хийсэн бол асуудал гарахгүй байх байсан юм биш үү?
- Олон нийтийн зүгээс эсэргүүцээд байгаль орчны асуудалтай байна гэхэд нь шууд бэлэн гаргаад үзүүлж, танилцуулаад хэнийг ч эргэлзүүлэхгүй зүйл хийж чадаагүй бол энэ зохион байгуулж байгаа хүмүүсийн буруу. Хууль хяналтын байгууллага үүнийг даруй шалгах хэрэгтэй. Энэ бол зөв зарчмын шаардлага. Гэхдээ ер нь шууд зогсооно, хийхгүй гэдэг байдлаар асуудлын шийдлийг эрэлхийлэхгүй байгаа нь буруу.
Байгаль орчинд нөлөөлөх байдлынхаа үнэлгээг сайн судлаад гарц гаргалгааг нь олж энэ төслийг заавал урагшлуулах ёстой.
-Танай намын бүлгийн дарга солигдох талаар яригдаж байна. Та ямар хүн байгаасай гэж хүсэж байна?
-МАН-ын үзэл бодлыг дагаж байна гэнэ үү, хэн нэгний үзэл бодлыг дагаж байна гэнэ үү. Би намынхаа гишүүдийг ингэж хэлмээргүй байна. Бүгдээрээ асуудлууд дээр өөр өөрсдийн эрхээ эдлэх эрхтэй. Бүлгийн дарга хүн бол нэгдүгээрт бүлгийнхээ дотоод эв нэгдэл, уур амьсгалыг хангадаг хүн байх хэрэгтэй.
Бүлгийнхээ гишүүдтэй их ярьдаг ойлголцдог байх хэрэгтэй. Дээрээс нь зарчмын шаардлагатай хүн байгаасай гэж бодож байна. МАН буюу эрх баригчдын өөдөөс зарчмын шаардлагаа тавьдаг, урваж няцдаггүй ийм л хүн байгаасай гэж бодож байна.
Бүлгийн дарга маань тавдугаар сард багтааж ажлаа өгнө гэдгээ бүлгийнхээ хурал дээр мэдэгдсэн. Хүссэн хүсээгүй яригдах л асуудал. Одоогийн байдлаар албан ёсоор нэр яригдаж байгаа зүйл байхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.35
Хууль зөрчсөн төслийгихуулийн сайд байсан нь ч өмөөрнө хамгаална. Мөнгө хүчтэй гэж
Хариулах