Д.Рэгдэл: Зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжиж байгаа ч хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөхгүй төслүүд хамрагдах вий гэдэг болгоомжлол байна

Zuv.mn
3 цаг 33 минутын өмнө

УИХ-ын Чуулганы хуралдаанаар Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025 оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Энэ хуулийн төсөл дээр хоёрдмол байдалтай байгаад байгаа юм. Нэгэнт авчихсан зээлийн ашиглалтыг бол бид угаасаа бүх боломжоороо л сайжруулаад явах ёстой. Харин шинээр хөрөнгө оруулалт олж ирэх гэж байгаа бол ашиглалт нь сайн байх нөхцлөөр босгож байхгүй бол төсөл хэрэгжиж байх явцад янз бүрийн асуудлууд үүсээд байгаа юм аа. Харамсалтай нь, энэ хуулийн дэвшилттэй заалтууд Байнгын хороонууд дээр өөрчлөгдөөд, Их хурал руу орж ирсэнгүй учир өнөөдөр нэлээд яриа хөөрөө, хэлэлцүүлгийн сэдэв үүсэж байна.

Жишээлэл, энэ хуулийн хүрээнд хамрагдах гурван төслийг хоёр болгож гэдэг саналыг би 100 хувь дэмжиж байсан. Харамсалтай нь гурваараа оорж ирлээ.

Байнгын хороонд дээр гарсан хамгийн чухал саналаа унагачихаад ороод ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Хөрөнгө оруулалтаа үйл ажиллагааны орлогоороо бүрэн нөхөх төслүүдийг хуулийн үйлчлэлд хамруулах асуудлыг ярья” гэсэн саналыг Төсвийн Байнгын хороо унагачихаж байгаа юм. Ингээд үйл ажиллагааны орлогоороо хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөхөхгүй төслүүдийг хамруулах боломжийг нээгээд өгчихөж байгаа байхгүй юу. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ асуудалд гаргаж өгсөн зөвлөмж нь бөөрөнхий, хоёрдмол, түдгэлзсэн шинж чанартай. Хориг тавиагүй, дэмжээгүй, төсөвт үзүүлэх нөлөөллийг багасгах тал дээр ажиллах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргаж өгсөн.

Манай улс өмнө нь таван төсөвтэй явж байсан үе бий. Сүүлийн 10 жил үзсээр байгаад арай гайгүй болсон. Гэтэл амьдрал баян. Бидэнд өнөөдөр Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС гээд явуулах ёстой төслүүд байна. Энэ утгаараа энэ хуулийн төслийг дэмжинэ. Гагцхүү төсөвт нөлөөлөх нөлөөллийг сайн бодолцох хэрэгтэй” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна