Ц.Идэрбат: Тариаланчдад 130 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр батлагдсан ч гаралт удаашралтай байна

Х.Есү
3 цаг 3 минутын өмнө

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдэрийн сайд Ц.Идэрбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.  

Тэрбээр, "Улаан буудайн илүүдэл, борлуулалтын хүндрэл, гурилын үйлдвэрүүдийн худалдан авалттай холбоотой асуудлуудад онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Монгол Улс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох чиглэлд томоохон зорилт тавьж байгаа бөгөөд Евроазийн эдийн засгийн холбоотой хийж буй хэлэлцээр эцсийн шатандаа орж байгаа. 

Энэ хэлэлцээр хэрэгжиж эхлэхэд дотоодын үйлдвэрлэгчид бэлэн байдлаа хангах ёстой. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд хөдөө аж ахуйн олон асуудал шийдэгдлээ. "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд хаягдаж байсан малын ноос, арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон Евроазийн орнууд руу экспортлох зорилт тавин ажиллаж байгаа.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарч, салбарын яам хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна. Ингэснээр батлан хамгаалах, онцгой байдал, хилийн цэрэг зэрэг төрийн байгууллагуудын дүрэмт хувцас, гутал зэрэг хэрэгцээт барааг дотоодын үйлдвэрүүдээс шууд худалдан авах нөхцөл бүрдсэн. Төрийн худалдан авалтын цахим дэлгүүрт үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ байршуулснаар гадагшаа урсах мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх чухал ач холбогдолтой.

Газар тариалангийн салбарын хамгийн чухал орц болох шатахууны үнийн өсөлт, нийлүүлэлтийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр яамнаас тодорхой арга хэмжээ авч эхэлсэн. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнэ савлах эрсдэлтэй байгаа. Намрын ургац хураалт болон хаврын тариалалтад шаардлагатай 15 мянга гаруй тонн дизель түлшийг одоогийн ханшаар худалдан авч, нөөцлөх ажлыг зохион байгуулж байгаа. Саяхан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ОХУ-д ажиллаж, шатахууны нийлүүлэлт, үнэ ханшийн талаар нааштай хэлцлүүд хийсэн ч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Хөдөө аж ахуйн салбарын бодлогын хүрээнд малчдын нийгмийн асуудал, тэр дундаа 1-6 насны хүүхдийн асуудал болон хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдалд салбарын яам анхаарал хандуулж, холбогдох ажлуудтай танилцан шийдвэрлэхээр ажиллаж байгаа" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна