​Д.Амарбаясгалан: Оффтейк гэрээнүүдийг ил тод болгож, хэн нь хулгайч гэдгийг мухарлах ёстой

Т.Отгонсувд
3 цаг 41 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангаас "Бодь"-ийн оффтейк гэрээгээр Хяналтын сонсгол хийх асуудалд ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа. 

-"Бодь интернэйшнл" компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барихдаа өртөг өсгөх замаар улстөрчдөд авлига өгсөн байж болзошгүй асуудал АТГ-т шалгагдаж байна. Энэ талаар Ерөнхий хяналтын сонсгол хийх асуудал яригдаж байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүд иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийн төлөө ажиллах учиртай. Тийм учраас миний бие Хяналтын сонсголыг улстөржихгүйгээр, бодитоор хийх үйл явцыг дэмжиж ажиллана. 

-"Үндэсний эвсэл"-ийн гишүүд энэ асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийх санаачилга гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Та энэ бичигт гарын үсэг зурах уу?

-Одоогоор надад энэ асуудлаар хандаагүй байна. 

-Сүүлийн үед нүүрсний хулгай гэдгээр улстөрчид нэг, нэгнээ гүтгэж харлуулах явдал их гарч байна?

-Харин тийм. Тэгэхээр энэ эргэлзээг олон нийтэд зөв тайлах ёстой. Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Тэр том эдийн засаг учраас улс төртэй дандаа хамааралтай байдаг. Тиймээс энэ эргэлзээнүүдийг тайлахын тулд "Бодь"-ийн оффтейк гэдэг юм уу, одоо энэ Харбины гэрээ гэж бас яриад байгаа, энэ Харбины гэрээг зөв харах ёстой. Засгийн газар хоорондын хэлэлцээр. УИХ-аар ямар түвшинд хэлэлцэгдсэн, шийдвэр юу гэж гарсан, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ямар түвшинд хийсэн бэ, бүр цаашилбал төрийн өмчит компаниуд хоорондоо нүүрс худлдх, худалдан авах гэрээгээ яаж хийсэн бэ гэсэн гурван түвшний зүйл байхгүй юу. Мэдээлэл муутайгаасаа болоод манай гишүүд олон нийтэд буруу мэдээлэл тараагаад байгаа юм бэ. Тиймээс УИХ ямар тогтоол гаргасан бэ, Засгийн газар нь ямар хүрээг тодорхойлж өгсөн юм бэ. Төрийн өмчийн компаниуд нь хэдэн төгрөгөөр худалдахаар болсон юм бэ гэдэг дээр зөв мэдээлэл өгөх ёстой. 

Тэгэхгүй бол бүгд хулгайч юм шиг, мань мэт шиг нэг хүрз нүүрс зөөж үзээгүй хүн нүүрсний хулгайч гэж сэрдэгдэж байна. Тиймээс оффтейк гэрээнүүдийг ил тод болгож, хэн нь хулгайч гэдгийг мухарлах ёстой

УИХ-ын гишүүд маань асуудлаа бас судалж, ул суурьтай мэдээлэл түгээх хэрэгтэй.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна