Ч.Номин: Аливаа бүтээн байгуулалтын ажлыг улс төржүүлж, хувийн оноо цуглуулах хэрэгсэл болгох нь буруу

Т.Отгонсувд
3 цаг 19 минутын өмнө

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Ч.Номингоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр "Аливаа бүтээн байгуулалтын ажлыг улс төржүүлж, хувийн оноо цуглуулах хэрэгсэл болгох нь буруу. Шаардлагатай бол холбогдох гэрээнүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй. Засгийн газрын зүгээс хийрхсэн улс төржилтөөс татгалзаж, бодит үр дүн гаргаж ажиллахыг чухалчилж байгаа.

 "Бодь"-ийн оффтейк гэрээг шалгах Түр хороо байгуулж шалгах хэрэгтэй. Эцэслэж дуусгах хэрэгтэй. Харбины гэрээ, Ухаа худаг, Бодь гээд бүх л гэрээг ил болгоод мухарлахгүй бол улс төрчид бие биенээ хардаж, улс төрийн зэвсэг болж ажил хийхэд хүндрэлтэй болж байна. 

Цахим хөгжлийн яамны зүгээс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хиймэл оюун ухааны стратегийг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлж байна. Ялангуяа цахим орчинд хиймэл оюун ухаан ашиглан хуурамч мэдээлэл (Deepfake) түгээх эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэд, төрийн албан хаагчид болон хүүхэд багачуудын цахим ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний 70-80 хувь нь цахимжсан ч төрийн албан хаагчдын 20 хүрэхгүй хувь, нийт иргэдийн 46 орчим хувь нь л зохих түвшний цахим ур чадвартай байна.

Энэ хүрээнд цахим орчинд хүүхдийг хамгаалах, 16 нас хүртэлх хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд хязгаарлалт тогтоох, хиймэл оюун ухаанаар хүний дүр төрхийг ашиглахыг зохицуулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна