Баяраа өөрөө л ширээнээсээ унасан

Х.Батсайхан
3 цаг 12 минутын өмнө

-Нийслэлд Н.Учралын баг ноёрхож эхлэв үү-

НИТХ-ын даргын албан тушаалаас өчигдөр огцорсон А.Баяр өнөөдөр хэвлэлийн хурал хийж, “Иргэд эсэргүүцэж байгаа Туулын хурдны зам төслийг хэлэлцэхгүй гэсний төлөө, төслийг зогсоосон Ерөнхий сайд Н.Учралын шийдвэрийг дагасныхаа төлөө хууль бусаар огцрууллаа” гэж мэдэгдсэн.

Гэтэл нөгөө шийдвэрийг нь үнэнчээр дагуулсан гэх Н.Учрал суудлыг нь өөрийн хүндээ авч өгч байх юм. А.Баярыг огцруулж, албан тушаалыг нь аван суудалд нь тухалсан Д.Ихбаяр бол хаанаас нь ч харсан Ерөнхий сайд Н.Учралын багийн хүн. Өөрөөр хэлбэл, А.Баярыг татаж огцруулсан утасны үзүүрт Ерөнхий сайд Н.Учралын ашиг сонирхол байсан гэсэн үг. Бас А.Баяр "Ерөнхий сайдын шийдвэрийг хүндэлсний төлөө намайг огцрууллаа" гэсэн нь худлаа гэсэн үг.

Ямартай ч цаад утгаараа НИТХ-ын суудал Э.Бат-Амгалангаас Н.Учралд шилжлээ. Бүр ч сонирхолтой нь, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон Ж.Сандагсүрэн нь Н.Учралыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан байх юм. Улс төрийн амжилтаараа эхлээд СХД-ийг, дараа нь Нийслэлийг удирдах эрхийг гуйж биш, гуядаж авсан Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын багийн нэг хэсэг, эд эс нь байсан тэрбээр 2024 онд Н.Учралын, 2026 онд Г.Занданшатарын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны даргаар томилогдон ажилласан байдаг.

Эндээс харахад, А.Баярын сэлгээ НИТХ дахь Баянзүрхийн нөлөөг бууруулж, Ерөнхий сайд Н.Учралын нөлөөг өсгөсөн агуулгатай болсон гэж үзэх үндэстэй байна. 

Тэгэхээр А.Баярын тухайд, асуудал Ерөнхий сайдын шийдвэрийг дагасандаа ч биш болж таарав уу яав. НИТХ-ын хамгийн гол үүрэг нь төсөв батлах. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа том жижиг бүх төслийн санхүүжилт НИТХ-аар л батлагддаг. Нийслэлчүүдийн төлсөн татвараас нэг ч төгрөг илүү өгөхгүй гэж ажиллах ёстой байгууллага. Алх цохиж баталчихаад, асуудал үүсээд ирэнгүүт эргэж буцахын оронд эхнээсээ зангараг заагаад, Нийслэлийн төсөв хэлэлцэх үед хэлж сануулаад явсан бол өнөөдөр ингэж ичгүүртэй огцроо ч уу, үгүй ч үү. Баталсан төслөө хамгаалдаггүй юм гэхэд, ядаж хэлэлцэх боломжийг төлөөлөгчдөд олгох нь даргын үүрэг шүү дээ. Дээр нь, НЗД, НИТХ-ын дарга хоёр гар нийлдэггүй юм гэхэд гацааж, талцдаггүй байх ёстой. Гэтэл тийм байж чадаагүй. БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчид үйлдэл, үг хэллэгээрээ хотын даргаа илт басамжилж доромжилсон акц хийсний ард Э.Бат-Амгалан, А.Баяр нар байсан нь тодорхой. Ийм нөхцөл байдалд Нийслэлин төлөөлөгчид хэл амнаас гарах сонголт хийх нь зөв шүү дээ. Товчхондоо, Баяраа өөрөө л ширээнээсээ унасан юм билээ.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна