Г.Хосбаяр: Хараад байхад хүн болгон төсөвчин, авто зам, усны инженер болчихсон явж байна. Туулын хурдны зам хэрэгжих ёстой

С.Гандэлгэр
3 цаг 31 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ганбатын Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- “Туулын хурдны зам” түгжрэлийн асуудлыг шийдэх төсөл мөн үү, Та ямар байр суурьтай байна вэ?

-Би хувь гишүүнийхээ хувьд “Туулын хурдны зам” төслийг дэмжиж байгаа. Яагаад гэхээр энэ төсөл зөвхөн өнөөдөр яригдаад байгаа асуудал биш. Аль 10-20 жилийн өмнө л хурдны зам, дагуул хот гэх мэт олон асуудал яригдаж байсан. Өнөөдөр Улаанбаатар хотын төвлөрлөөс үүдэлтэй түгжрэлийн асуудлыг шийдэх гарц нь хурдны зам шүү дээ. Тийм учраас би дэмжиж байгаа. Гэхдээ тэр өртөг зардал, нарийн мэдээллийг нь ний нуугүй хэлэхэд би мэдэхгүй байна. Тэрийг нь мэргэжилтнүүд, экспертүүд, “төсөвчид” хийх байх. Хараад байхад хүн болгон төсөвчин, авто замын инженер, усны инженер болчихсон явж байх шиг байна. Байгаль орчны үнэлгээг нь хийгээд олон улсын туршлага, практик туршлага хоёроо хослуулж байгаад энэ бүтээн байгуулалтаа явуулах ёстой.

Миний харж байгаагаар дэлхий нийтээр жил ирэх тусам бүтээн байгуулалтын зардал өсөж байгаа. Хийх хэрэгцээ шаардлагатай л бол дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг цаг алдалгүй хийх шаардлагатай байна. Дахиад 5-10 жилийн дараа хурдны замын төсөл ярих юм бол өнөөдрийн яригдаж байгаа дүнгээс илүү өртөг зардал яригдах болно. Тийм учраас мэргэжлийн хүмүүс нь иргэддээ мэдээлэл хүргээд энэ ажлаа урагшлуулах ёстой.

Туулын хурдны зам, цахилгаан станц, төмөр зам гэх мэт том төслүүдийн хэрэгцээ шаардлагыг иргэд ойлгоод байгаа юм. Харин өртөг зардал, санхүүжилттэй нь холбоотой асуудлыг босгож ирээд тэрийгээ том асуудал болгоод яваад байх шиг байна. Тэр зэргийн асуудлуудыг нь шийдэж болох л байлгүй гэж хараад байгаа.

- Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Зээлээр санхүүжиж байгаа гурван том төслийн санхүүжилтийг төсвөөс салгах зохицуулалт хийгдэнэ гэж ойлгож байна. Ер нь том төсөл санхүүжүүлэх боломж жил бүрийн төсвийн тухай хуулиудад байдаггүй. Үүнээс үүдэн зээлээ авчихсан ч ашиглаж чадахгүй байгаа асуудал байдаг шүү дээ ?

-Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Миний хувьд энэ хуулийн төслийг сайжруулах ажлын орсон. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл манай улс нэлээд их хэмжээний гадаад зээлийн хэлэлцээр хийчихсэн байдаг. Ажил хийнэ гээд нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй зээл авчихсан гэсэн үг. Жишээлбэл, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Сэлбэ дэд төв гээд бүгд тодорхой хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээлүүд байгаа. Газрын тосны үйлдвэр жишээ нь,  2028 онд зээлийн хэлэлцээр нь дуусах гэж байхад зээлсэн мөнгөө авч ашиглаагүй байна. Нөгөө талд бид газрын тосны үйлдвэртэй болмоор байгаа шүү дээ. Бусад төслүүд ч яг адилхан.

Үүнээс иргэд маань яагаад авч ашиглахгүй байгаа юм бэ гэж бодож байгаа байх. Төсвийн тухай хуулийн дагуу өрийн хязгаар, батлагдаж байгаа төсөвтэйгөө уялдуулж жил бүр багахан төсөв тавьж өгдөг. Энэ нь хангалтгүй байна гэсэн үг. Хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийн хувьд дээр дурдсан гурван төслийг нэр заагаад зээлийн хэлэлцээрийн дагуу мөнгөө бүрэн аваад төслөө хугацаанд нь ашиглалтад оруулах зорилготой л хуулийн төсөл шүү дээ. Түүнээс биш энэ хууль батлагдсанаар өөр төсөл орж ирэх боломж байхгүй. Ер нь цаашдаа хэлэлцээр хийчихсэн, зээлээ авчихсан мөртлөө ашиглаагүй байгаа зөндөө олон төслүүд байгаа юм байна лээ. Зээл авчихаад ашиглахгүй байгаа юм. Ингээд харахаад ашиглахгүй юм бол юугаа хийж зээл авсан юм бэ гэж л бодогдоно. Зарим хөнгөлөлттэй зээлүүд нь хүүгээ төлөөд эхэлчихсэн байх жишээтэй.

-Хуралдаа суудаггүй, ёс зүйгүй УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог байх Ерөнхийлөгчийн хууль гэж яриад байгаа УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг таны хувьд хэлэлцэх эсэхийг дэмжсэн шүү дээ. Энэ хуулийн төсөл өргөн баригдахаасаа эхлээд өнөөдрийг хүртэл эсэргүүцэл, дэмжлэгтэй тулж байна. Та ямар байр суурьтай байна вэ ? 

-Бид ард түмний төлөөлж, төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд өндөр ёс зүйтэй ажиллах ёстой. Ер нь ард түмэн ч биднээс өндөр ёс зүй шаардаж байгаа. Сая тус хуулийн төслийг хэлэлцэгдэх үеэр тойргийн иргэдээс маань маш олон санал хүсэлт ирсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүд та бүхэн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах ёстой гэх шаардлага ирж байгаа. Тиймдээ ч би энэ хуулийн төслийг дэмжсэн.  Ер нь УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тогтолцоо байх ёстой гэж хардаг.

-Танай намын бүлгийн дарга ирэх сардаа багтаад ажлаа өгөхөөр болсон гэж ойлгож байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн даргын төлөөх буухиа эхэлчихсэн харагдаж байна. Дараагийн бүлгийн даргаар ямар хүн сонгогдоосой гэж хүсэж байна вэ ?

-Мэдээж Ардчилсан нам маань 42 гишүүнтэй, эдгээр гишүүд дундаас дараагийн бүлгийн дарга сонгогдоно. Дараагийн бүлгийн дарга парламентын туршлагатай, бүлгийнхээ гишүүдтэй ойлголцож чаддаг, асуудлыг шийдвэрлэх чадвартай, зарчмын байр суурьтай хүн байх ёстой гэж харж байна. Хэд хэдэн хүн горилж байгаа. Удахгүй ил болох байх.

Ярилцсанд баярлалаа. 

 






Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.127
    31 минутын өмнө

    Энэ эргүү пизда яаж яваад гишүүн болчихов оо. Ийм гишүүн байдаг ч гэж мэдээгүй шд.

    Хариулах
  • 202.126.89.9
    1 цагийн өмнө

    Энэ их хурлын гишүүд маань боловсрол мэдлэг гэж үнэндээ уначихсан улс шүү. Зөв, мэдлэгтэй хүмүүсийг харлуулахдаа амар ч хүмүүс юм. Гүжир үг ямар гурван хариу бх ч биш дэн

    Хариулах