ИЗНН-ын хувь заяа хэн рүү нь эргэх вэ

Zuv.mn
3 цаг 10 минутын өмнө

УИХ-д суудалтай ИЗНН-ын хувь заяа хэрхэх нь Улсын Дээд шүүхийн мэдэлд очоод байна. Тус намын дарга Б.Батбаатар болон бусад удирдлагууд намынхаа шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Тус нам өмнө нь дүрмээ бүртгүүлэхийг оролдсон ч засвартай тул хүлээж аваагүй, энэ удаагийнх сүүлчийн "шаанс" нь гэгдэж буй. 

Тэгвэл ИЗНН-тай холбоотой бас нэгэн хүсэлт Улсын дээд шүүх дээр байгаа нь УИХ-ын гишүүн Р.Батболдын энэ сарын 9-ний өдөр гаргасан намын Онц их хурлын шийдвэр буюу өөрийгөө намын даргаар бүртгүүлэх хүсэлт.    

Сануулбал, ИЗНН намын шинэ дүрмээ бүртгүүлэх оролдлого бүтэлгүйтсэний дараа тус намаас жагсаалтаар сонгогдсон Р.Батболд гишүүн нэр бүхий хүмүүстэй нийлэн ИЗНН-ын онц их хурал гэгчийг зохион байгуулж, өөрөө даргаар нь сонгогдсон байдаг. 

Онц их хурлаас намын даргаар сонгогдсон гэх Р.Батболд нь тэр даруйдаа Г.Занданшатарын танхим огцорч, Н.Учрал танхимаа бүрдүүлэх эгзэгтэй үед “ИЗНН Засгийн газарт орж ажиллахгүй” гэдэг бичгийг шинэ Ерөнхий сайд руу явуулж намаа хөөдсөн байдаг. Хачин нь , Ерөнхий сайд Н.Учрал тэр бичгийг нь ИЗНН-ын албан ёсны байр суурь гэж үзэн хүлээгээд авчихсан явдал юм.

Энэ явдлаас хойш Р.Батболд гишүүн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль, Туулын хурдны зам гэх мэт асуудлууд дээр МАН дахь хагарсан хоёр талын олонхийн байр суурийг байнга дэмжиж, сөрөг хүчин гэхээргүй хандлага гаргаж ирсэн байдаг. Үүнээсээ болоод “Онц их хурлын шийдвэрийг хүчинтэй болгож, намын тамгаа авах тохироо хийсэн учир МАН-д үйлчилж гүйгээд байгаа” гэсэн ярианд ч орсон.

Өөрөөр хэлбэл, намынхан болоод олон нийт Р.Батболдын ард МАН байгаа гэж хардаж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал илт маапаантайгаар, хэдэн хүн цуглуулж дарга болсон хүний албан бичгийг хүлээж авч ИЗНН-ыг танхимдаа оруулаагүй, сүүлд ИЗНН Байнгын хороон гишүүнээс хасуулах хүсэлтийг УИХ-д гаргахад С.Бямбацогт дарга илт өмгөөлж байсан гэх зэрэг бодит фактаар энэ таамаг биежиж буй.

Тэгвэл ИЗНН эцсийн арга хэмжээ болгож, Р.Батболдыг намаасаа хөөх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Р.Батболдын ард МАН үнэхээр байсан уу гэдгийг Улсын дээд шүүх эцэслэж харуулах цаг тулж ирж байна.

Р.Батболдын хүсэлтийг Улсын дээд шүүх бүх шүүгчдийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэхээр болсон бөгөөд хурал нь одоогоор товлогдоогүй буй. Мэдээж, түүний гаргасан үйлдэл бол байж болшгүй, ичгэвтэр зүйл бөгөөд ИЗНН-ын зүгээс энэ асуудлыг "Намын маргаан биш — хууль дээдлэх зарчмын шалгалт" гэсэн байр суурь илэрхийлж байна. 

Олон жилийн өмнө ХҮН нам яг ийм байдлаар үүсгэн байгуулагчаа шахсан ч сөрөг одоо хүчний үүргээ хангалттай биелүүлэх хэмжээний потенциальтай улс төрийн хүчин болж төлөвшсөн. ИЗНН-д байдал ямраар эргэхийг цаг хугацаа харуулах болж байна.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.203
    8 минутын өмнө

    ИЗНН г засагт заавал байлгах албагүй биздээ. Үндэсний эвсэлтэй хамтарсан биздээ. Хачин юм ярихын.

    Хариулах