УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, утааг бууруулах асуудал үеийн үед яригдаж ирсэн. Энэ асуудал Э.Бат-Үүлийн үеэс эхлэлтэй. Миний хувьд тухайн үед барилгын зураг төсөв, эхлүүлэх ажлыг хийж байлаа. Сэлбэ хорооллын хувьд голынхоо хоёр талаар дөрвөн эгнээ замын зураг төслийг хийсэн байгаа. Үүнийг ажил хэрэг болгож чадвал гэр хорооллын утааг бууруулахад маш их ач холбогдолтой төсөл.
Одоо яригдаж байгаа мега төслүүд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ надад нэг эргэлзээ төрж байгаа зүйл нь төсөвт өртөг нь асар өндөр байгаа бол заавал шалгах шаардлагатай. Энэ эргэлзээг тайлах байгууллага нь УИХ-ын харьяа Үндэсний аудитын газар юм. Төрийн түшээ хүн аливаа асуудалд дуулиан шуугианаар хандах бус, заавал судалгаа шинжилгээ хийлгэж, аудитаар шалгуулсны үндсэн дээр дараагийн шийдвэрээ гаргадаг байх ёстой.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тосны үйлдвэр зэрэг дэд бүтцийн чухал төслүүд найман жил гацлаа. Төслүүд гацахын хэрээр бидний хэрэгцээ шаардлага улам өсөж байна. Өвөлдөө эрчим хүчээ хязгаарлуулж, шатахууны хомстолд орж байгаа нь үүний тод илрэл.
Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулан хязгаарлаж, өөрсдийгөө боомилсон учраас энэ төслүүдийг тусад нь ярьж, зохицуулахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлж байж л бид шатахууны хамаарлаас гарч, эрчим хүчний хүндрэлийг давж, гэр хорооллын утааг бууруулж чадна.
"Бодь" групп болон нүүрстэй холбоотой Хянан шалгах түр хороо байгуулах асуудлын тухайд, гишүүдийн гарын үсэг цуглуулж байгаа. Бичиг над дээр орж ирэх үед нь танилцаж байж шийднэ. Би аливаа асуудалд дуулиан шуугианаар ханддаггүй. Ажлын хэсэг байгуулах, эсвэл аудитын байгууллагаар шалгуулж, бодит дүгнэлтэд үндэслэх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна