Цинхуа их сургуульд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэх, хамтарсан судалгаа хийх асуудлаар санал солилцлоо

Х.Есү
3 цаг 5 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын анхны их сургуулиудын нэг, инженерчлэл, технологи, компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, төрийн бодлого, эдийн засаг, олон улсын харилцаа, бүсчилсэн хөгжлийн чиглэлээр улсдаа болон тив дэлхийд тэргүүлдэг Цинхуа их сургуулийн Зөвлөлийн дарга, профессор Чиу Юун нарын удирдлагууд болон  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюан нарыг хүлээн авч уулзлаа. 

Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд залуу мэргэжилтэн, судлаач, төрийн албан хаагч, инженерүүдийг Цинхуа их сургуулийн сургалтын хөтөлбөрт хамруулах, тэтгэлэг болон зорилтот сургалтад хамруулах талаар санал солилцлоо. Түүнчлэн, чөлөөт бүс, боомт, хот байгуулалт, логистик, байгаль орчны салбарт тус их сургуультай хамтарсан судалгаа шинжилгээ хийх чиглэлээр уулзалт хийв.


Цинхуа их сургуулийн Зөвлөлийн дарга, профессор Чин Юун БНХАУ нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд тус их сургууль нь энэ бодлогыг бүрэн дэмжиж, боловсон хүчин бэлтгэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд болон судалгааны хүрээлэнгүүдийг байгуулан ажилладаг туршлагатай гэдгийг тодотголоо. Тиймээс Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцлов.

Цаашид Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.  

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна