П.Сувданхуяг: Миний хэрэг дээр шударга ажилласан цагдаа, прокурор, шүүгч нартаа баярлалаа

Г.Долгорсүрэн
2 цаг 26 минутын өмнө

Харамсалтайгаар амиа алдсан 16 настай охины давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2026.05.11/болж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Эл шийдвэрийг амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдсан юм.

Шүүх хурлын үеэр харгис алуурчны гарт эхнэр хүүхдүүдээ алдсан хохирогч Б.Сувданхуяг ирсэн байв.

Тэрбээр "Зовлон нэгтэй учраас 16 настай хохирогч охины ээжид сэтгэлийн дэм болох гээд шүүхийнх нь гадаа ирлээ. Миний өмгөөлөгч Р.Булгамаа энэ хэргийн өмгөөлөгчөөр оролцож байгаа.

Өмгөөлөгч, талийгаач охины ээж хоёрт нь халуун уух юм аваад хүлээж байна. Хууль хүн бүр шударга үйлчлэх ёстой. Шүүх шударга шийдээсэй гэж хүсч байна.

Энэ дашрамд бидэнд тохиолдсон аймшигт хэрэг дээр шударга ажилласан цагдаа, прокурор, шүүгч нартаа баярлалаа.

Тэр дундаа хамгийн их үүрэг гүйцэтгэсэн Цагдаагийн Ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга П.Очбадрах хурандаа, ахлах дэслэгч Дөлгөөн болон тэдний хамт олонд баярлалаа.

Энэ хүмүүс хоёр сар нойр хоолгүй явж хэргийг шийдвэрлэх бүх баримтыг цуглуулж, шалгаж өгсөн. 

Мөн Зөв.мн сайтын хамт олонд маш их баярлалаа. Өмгөөлөгч олоод өгөөч гэж гуйхад сэтгэлээсээ хандаж, Р.Булгамаа өмгөөлөгчтэй холбож өгсөн. Өмгөөлөгч маань 100 төгрөг ч авахгүйгээр их сайн өмгөөлөл үзүүлсэн. Та бүхэн асуудлыг маань ард түмэнд сайн хүргэсэн учир олон ч хүн тусалж дэмжсэн. 

Түүнчлэн Жангүм эмээгийнхээ ачийг насан туршдаа мартахгүй, зүрхэндээ талархаж хүндэлж, хайрлаж явна аа" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна