Монголын шүүх Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хоёр удаа цагаатгаж, хохирогч охины ээжийн нулимс хатжээ

Т.Отгонсувд
2 цаг 15 минутын өмнө

Өнгөрсөн намар сошиал орчинд нүдэндээ ч итгэмгүй аймшигт зураг гарсан. 

Тус зурагт чемоданд буй охин бол 16 настай Шинэсаран охин. Түүний амиа алдсан хэрэгт Ц.Дагвадорж, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг холбогдуулан шалгасан. 

Улмаар жил тойрсон хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 22-нд болж Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон. 

Харин зураг дээр цогцосны хажууд цай уугаад сууж буй зураг нь ил болсон Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг цагаатгасан шийдвэр гаргасан. 

Уг шийдвэрийг хохирогч охины ээж Г.Отгонтуяа эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. 

Өчигдөр нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хурал 9 цаг гаруй хугацаанд үргэлжилсэний эцэст шийдвэрээ танилцуулсан. 

Хохирогч охины ээж болон өмгөөлөгч нар мөн монголын ард түмэн чих тавин шүүхийн шийдвэрийг хүлээв. Гэвч шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж тэднийг бүлэглэн хэрэгт оролцсон гэх үндэслэл нь нотлогдохгүй байна хэмээсэн. 

Хохирогч охины ээж Г.Отгонтуяа шүүх хурлын шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлэн дараах зүйлийг хэллээ. 

Тэрбээр "Өнөөдөр би нэг зүйлийг маш тод ойлголоо.

1-т  Дахин хэлье… шударга ёсны төлөө тэмцэнэ гэдэг заримдаа бүхэл бүтэн системийн эсрэг ганцаараа буюу багаараа зогсохтой адил байдаг юм байна. Гэхдээ энэ шийдвэр миний дуу хоолойг, миний тэмцлийг зогсоохгүй.

Би энэ хугацаанд өвдсөн.
Би шаналсан.
Би олон шөнө нойргүй хоносон.
Өнөөдөр би зүрхээрээ уйлсан. Гэхдээ би үнэнийг мартаж, дуугүй амьдрахыг сонгоогүй
2-рт Хэзээ нэгэн цагт би охинтойгоо дахин уулзана.Тэр үед ээж нь чадах бүхнээ хийсэн шүү гэж бардам хэлэх үгтэй байна. 
3-рт Ганц охин минь ийм нийгэмд 16-хан жил амьдраад хүний ёсноос гажуудаар хорвоог орхисон ч Миний төр, миний цагдаа намайг хамгаална гэж боддог жирийн иргэдийн нэгэн адил ээж нь эцсээ хүртэл, эцсийн амьсгаа хураатлаа тэмцэх болно гэдгээ охиндоо амлая. 
4-рт Хамгийн аймшигтай нь шударга бус зүйл тохиолдохдоо биш. Харин хүмүүс түүнд дасаж, дуугүй болдогт байдаг юм байна.

Би дуугүй болохгүй. Учир нь энэ зөвхөн нэг хэрэг биш. Энэ бол хэний ч гэр бүлд тохиолдож болох эмгэнэл. Энэ гэмт хэрэг бол өнөөдрийн МОНГОЛ УЛСЫН үнэн дүр төрх, ЭМГЭНЭЛ юм.

Хэний ч хүүхэд, хэний ч амьдрал ийм системийн өмнө хамгаалалтгүй үлдэж болно.

Өнөөдөр би уйлсан. Гэхдээ энэ миний ТӨГСГӨЛ биш.  Үнэнийг хэлэх хүн үлдсэн цагт шударга ёс бүрэн үхдэггүй. Хэдэн арван жилийн дараа ч хэрэг задрах явдал байдаг.  ҮНЭН тогттол би тэмцэх болно.

Би тэмцлээ үргэлжлүүлнэ" гэжээ. 

Харин түүний өмгөөлөгч Р.Булгамаа "Шүүх хурлын шийдвэрт сэтгэл дундуур байна.Хохирогч охины ээжийн нулимс ч гарахаа байлаа гэсэн. Хэдэн ээж өнөөдөр ийм байдалд орж, туйлдах ёстой юм бэ. Бид дээд шүүхэд хандана. Тэндээс шударга шийдвэр  гарна гэж найдаж байна" гэв. 

Монголын шүүх хоёр удаа тэднийг цагаатгаж, хохирогч охины ээжийн нулимс гарахгүй болтлоо туйлджээ. Одоо хохирогчийн тал дээд шүүхийн шийдвэрт итгэл тавин хүлээж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.176
    48 минутын өмнө

    Shuuh botid ,zuv shiidver gargalaa shte jinhene aluurchin chin ualaa avsan shte !!! Ohinoo ta her sain harj,asarfag eej bsn be niigem tanaas eejuud tanaas asuumaar bn shu!!!

    Хариулах