“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна

С.Гандэлгэр
2 цаг 12 минутын өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулна. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохицуулах үүднээс марафон дараах цагийн хуваарийн дагуу зохион байгуулагдана. Тодруулбал, бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ. Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас гарах бөгөөд 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт эхлэхээр товлогджээ. Мөн тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй оролцогчдын 1.5 км-ийн төрөл 15:30 цагт МУИС-ийн урдаас гарах юм. Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны харалдаа замаас, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын харалдаа замаас тус тус гараагаа эхлүүлнэ.

Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг гарааны бүсэд дор хаяж 30-60 минутын өмнө ирж, энгэрийн дугаар, чип болон ангиллын мэдээллээ урьдчилан шалгахыг зөвлөж байна.

“Улаанбаатар марафон” нь нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын хэмжээний спортын арга хэмжээ бөгөөд жил ирэх тусам дотоод, гадаадын оролцогчдын хүрээ тэлсээр байна.

Гарааны цаг, маршрут болон зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ulaanbaatar.marathon.mn сайтаас авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна