Сэлбэ төсөл багш, эмч нарын байрны төсөл шиг том залилан болчих вий

Х.Батсайхан
2 цаг 0 минутын өмнө

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо сая орон сууцтай холбоотой луйвар залилангаас болж хохирсон иргэдийн гомдлыг өнөөдөр сонслоо. Асар их залилан луйвар гарч, олон иргэд хохирчээ. Барилгын яамнаас өгсөн мэдээллийг сонсоход дахиад ч хүмүүс хохирохоор хүлээгдэж байгаа /Иргэдээс гомдол ирсэн 32 төслийг шалгахад удааширсан, зогссон барилгууд олон байна гэсэн дүн танилцуулсан/ юм байна.

Төрийн өндөр албан тушаалтнуудад хандаж, дэмжүүлж, үүрэг өгүүлдэг, тэр нь итгэл төрүүлж олон хүн хохироход нөлөөлсөн асуудал ч байна. 658 багш яг одоо хохиролтой байгаа "Багш 500, эмч 3000" төсөл жишээ нь, яг ийм байдлаар явж, эцэстээ луйвар болж хувирсан байх юм.  

Яагаад ийм луйвар гарав гэдэг шалтгааныг нь сонсвол, ердөө л мөнгөгүй компани барих гэж байгаа байраа урьдчилж зарж мөнгө босгодог тогтолцооноос болжээ. Мөнгөө босгоод хоёр жил барилгаа барьдаг, энэ хооронд барилгын материалын үнэ өсдөг, мөнгөө босгоод барилгаа барих гэхээр Барилгын яам холбогдох байгууллагууд нь техникийн нөхцөл өгөхгүй удаашруулдаг гэх мэт асуудал байна. 

Сүүлдээ хувьцаа гаргаж, тэрийгээ худалдаад барилга барих мөнгөө босгох арга ч хэрэглэдэг болж байгаа сурагтай. Эх үүсвэрийг шийдэх нэг арга мөн нь мөн, гэхдээ эрсдэл маш өндөр. 

Хуралдаан даргалагч О.Номинчимэг гишүүн хүртэл "Энэ орон сууцны төсөл чинь хувьцаа юм шиг болчихсон асуудлыг нэг цэгцлэхгүй бол" гэж цөхөрсөн маягтай хэлж байна лээ.

Гэхдээ төр цэгцэлж чадах уу. Тэгж цэгцлэх ёс суртахууны эрх байгаа юу. Сая Засгийн газар Сэлбэ төвийн санхүүжилтийг зогсоож, 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа байрнууддаа захиалга авахаас өөр гарцгүй болгосон. Сонгуулийн хамгийн том амлалт, жишиг төслөө ямар ч асуудалгүй явуулчих сэтгэл дутсан. 

500 сая ам.долларын зарцуулаагүй үлдэгдлийг төсөв рүү татаад, иргэдээс мөнгө татаж байшингуудаа босгоно гэж хардаж байна.

"Төр юм чинь иргэнээ хулхидахгүй" л гэх байх. Гэхдээ луйвар залилан цэцэглүүлж, өч төчнөөн хүний амьдралыг сүйрүүлж нус нулимсыг нь барсан системийг төр өөрөө хэрэглэнэ гэдэг хүлээн зөвшөөрч байгаагийн л нэг илрэл шүү дээ. Сэлбэ төв  "Багш 500, эмч 3000" шиг иргэдээ хохироох төсөл болчих вий. Барилгажих талбайн стандарт нь алдагдах вий гэх мэт эрсдэл рүү л оруулчихлаа. . Засгийн газар "Сэлбэ төв"-ийн санхүүжилтийг саатуулах хэрэггүй л байсан юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна