СУРВАЛЖИЛГА: Иргэдийн худалдан авалт муудаж дэлгүүрүүд хаалгаа барьж эхлэв

Х.Есү
2 цаг 12 минутын өмнө

Улаанбаатар хотын захын дүүргийн зах, худалдааны төвүүдээр орвол лангуун дээрх бараа хэвээрээ ч худалдан авагчдын хөл эрс цөөрчээ. Өдөржин зогссон ч орлого муу, түрээсээ дийлэхгүй болсон жижиг худалдаачид нэг нэгээрээ хаалгаа барьж байгаа нь энгийн үзэгдэл болов.

Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ тасралтгүй өссөн ч иргэдийн орлого төдийлөн нэмэгдсэнгүй. Мах, гурил, тос, хүнсний ногоо гээд өдөр тутмын хэрэгцээний бараа сар сараар нэмэгдэж, айл өрхүүд хэрэглээгээ танаж эхэлжээ. Хүүхдийнхээ хэрэгцээг хойш тавих, зээлээр амьдрах, цалингаас цалингийн хооронд арай ядан хүргэх айл олширсоор байна.

Харин энэ үед улс төрийн хүрээнд эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл тасрахгүй үргэлжилсээр. Иргэдийн амьдрал доройтож, жижиг бизнесүүд сөхөрч байхад өндөр албан тушаалтнуудын тансаг хэрэглээ, хөрөнгө орлогын асуудал олон нийтийн бухимдлыг улам өдөөж байна.

Дэлгүүрт тааралдсан өндөр настай иргэн “Өмнө нь 100 мянган төгрөгөөр хэд хоногийн хүнсээ авчихдаг байсан. Одоо ганц хоёр тор юм аваад л мөнгө дуусч байна. Тэтгэвэр хүрэхгүй, хүүхдүүд ч өөрсдөө амьдрал хэцүү байна” хэмээн санаа алдав.

Захаас багахан хүнс аваад алхаж явах эмээтэй тааралдахад "Махны үнэ айхтар өсжээ. Тэтгэврээ хүргэх гээд хичээж байна. Хүүхдүүддээ дараа болохгүй гээд байгаа мөнгөөрөө идэж уух зүйлээ зохицуулах гээд хичээж л байна. Гэхдээ иргэдийн амьдрал үнэхээр чанга байна. Яаж амьдрах юм бэ. Хэдэн хөгшчүүдийнхээ тэтгэврийг нэмэхгүй бол амьдрах арга алга. 

Ер нь энэ төр засгийнхан биднийг яаж амьдарч байгааг мэддэг юм уу. Арай дэндүү юм" хэмээн бухимдлаа илэрхийлэв. 

Харин дэлгүүрийн худалдагч бүсгүй "Иргэдийн худалдан авалт эрс муудсан. Өмнө нь зээл аваад цалингаа буухаар өмнөх зээлээ дардаг байсан бол олоо цалингаараа тавьсан өрөө ч дарж чадахгүй нөхцөл байдалтай байна. Орж ирээд нэг өдрийнхөө хоолны материалуудыг л аваад гардаг. Тэр нь 50-60 мянган төгрөг болж байна. 

Хүүхдүүддээ чихэр, шоколад авч өгөх нь бараг л тансаг хэрэглээ болчхоод байна. Иргэдэд зээл өгөөд эргүүлээд мөнгөө авч чадахгүй болохоор дэлгүүрийн бараа татан авалтад хүртэл нөлөөлж байна. Бид ч ялгаагүй амьдрах гэж байгаа улс шүү дээ. Одоо өөрсдийгөө бодоод зээл өгөхөө багасгасан. Тэгэхгүй бол төлдөггүй хүмүүс олон болсон. Манай хажуу талын дэлгүүр гэхэд чинь сая дөрвөн сард орлогогүй болоод хаалгаа барихад хүрлээ шүү дээ. Амьдрал үнэхээр хүнд хэцүү байна" хэмээн ярьж байлаа. 

Иргэдийн дунд төр засаг инфляц, ажилгүйдэл, иргэдийн бодит орлогын асуудлыг шийдэхээс илүү эрх мэдлийн тохироо, улс төрийн ашиг сонирхолдоо анхаарч байна гэсэн шүүмжлэл ч хүчтэй өрнөж байна.

Өнөөдөр Монголын олон айл өрх амьдралын наад захын хэрэгцээгээ хангахын төлөө тэмцэж байхад эрх мэдэлтнүүдийн улс төр, хөрөнгө мөнгөний маргаан үргэлжилсээр. 

Харин энгийн иргэдийн асуулт ганцхан “Төр засаг ард түмнийхээ амьдралыг хэзээ бодох вэ?”



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна