​ХӨСҮТ: Гар, хөл, амны өвчний тохиолдол тав дахин нэмэгджээ

Zuv.mn
2 цаг 49 минутын өмнө

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс тав дахин өссөн болохыг ХӨСҮТ-өөс  мэдээллээ. Энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм. Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр,  вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал. Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.

Халдвар хэрхэн дамжих вэ?

  • Бохир гар, өтгөн-амны замаар
  • Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр
  • Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр
  • Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар

Илрэх шинж тэмдэг:

  • Халуурах
  • Хоолой өвдөх, хоолонд дургүй болох
  • Амны хөндий, хэл буйл, завьж, гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах
  • Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох
  • Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.

Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу:

  • Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх
  • Хүүхэд шингэн огт ууж чадахгүй болох
  • Байнга уйлагнах
  • Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх
  • Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх
  • Унтаарах, орчны харьцаа сул болох
  • Амьсгаадах, татах, хүзүү хөших

Урьдчилан сэргийлэх энгийн аргууд:

  • Гараа савандаж сайтар угаах
  • Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх
  • Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
  • Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх
  • Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
  • Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх
  • Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна