Багшийн дээдийн нүхэн гарцанд суудаг нүдэнд дулаахан настай эгчийг Ж.Пүрэвээ гэдэг. Өөрөө нас сүүдэр 70 гарсан хэдий ч хөдөлмөрийн чадвараа алдсан 50 настай хүүгийн хамт хоосон хонохгүйн тулд хүмүүсийн жинг үзээд 20 гаруй жил энд сууж байгаа аж. “Олныхоо хүчинд л амьдарч байна” гэх түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу, ашиг орлого нь өндөр үү?
-Сайн миний хүү. Яах вэ, өглөөнөөс орой хүртэл, нар жаргатал суухаар талх сүүнийхээ мөнгийг олоод л харьж байна даа. Тэрнээс бол эндээ ирэх ч мөнгөгүй болчихоод байна. Бас юмны үнэ нэмэгдээд, юу л болоод байна даа.
-Олсон орлого хэрэглээндээ хүргэхэд хүндрэлтэй л байна даа тийм ээ?
-Өдөржингөө суугаад талхны мөнгөө ч олж чадахгүй үе байна. Заримдаа хүүхдүүд өнгөрөхдөө нэг, нэгээрээ талх барьж ирээд цүнх рүү хийж өгчихөөд явдаг. Олныхоо дэмээр л болгож явна. Би өөрөө ганц хүүтэй, хоёулхнаа амьдардаг. Хүү минь одоо 50 гарчихсан, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаад, группт байдаг. Тэтгэврийн зээлтэй. Дахиад зээл авах гэхээр групптэй хүн чинь батлан даадаггүй. Ах, дүү байлаа гээд, хүн байтугай өөрийгөө ч тэжээх хэцүү болсон байна шүү дээ.
-Та гадаа сууж хүмүүсийн жинг үзээд хэр удаж байна вэ?
-20 гаруй жил болж байна. Суугаад сурчихсан. Намайг ард түмэн минь мэднэ.
-Та энэ хавиараа л байж байдаг уу?
-Эндээ сууна, тэр гудамжинд ч суудаг.
-Хүмүүс хэр жингээ үзүүлж байна. Зарим хүмүүс жингээ мэдэж байгаа ч гэсэн таныг хараад мөнгөө өгөөд жингээ үзээд явдаг уу?
-Тийм хүмүүс байлгүй яах вэ. Эмээдээ зүгээр өгчихье гээд 500 төгрөг өгөөд явдаг ч хүн байгаа. Аяга хоол авч өгөөд явдаг ч хүн байна. Манай Монголын иргэд мундаг шүү дээ. Хамгийн гол нь дээр суудаг том толгой хэцүү байна. Арай л биш ээ. Миний хүүхэд насанд арай ийм байгаагүй юм даа. Өтлөх насандаа юм юм л үзэж байна даа.
Би даралт ихтэй. Заримдаа байж байгаад уначихдаг. Олон түмэн надад их тусалдаг даа. Унаад хэвтэж байхад хоёр гурваараа авч яваад эмнэлэгт үзүүлээд хэвтүүлчихнэ. Арай ч мөлхчихгүй явж л байна. Хамгийн гол нь тэтгэвэр л нэммээр байна. Хааяадаа л ийм орлоготой байна. Та нар мэдэх байх. Энэ тунельд байдаг цагаан сахалтай хуурч хөгшин байдаг. Тэр хөгшин хүн чинь миний хүү. 70 хувийн групптэй шүү дээ. Олон түмэн их л харж үзэж байна даа. Өглөө гарахаараа сүү бариад л ороод ирдэг юм.
Удаан суудаг өдөр нэг нь цай бариад ирнэ, нэг таваг хоол бариад ирнэ. Хааяа долоо, найман цаг хүртэл сууна шүү дээ. Зарим хүмүүс хөтөлж авч яваад унаа тэргэнд суулгаад л өгдөг. Олны минь л буян. Ах дүү байлаа ч гэсэн бүгд л зээлтэй юм чинь яах вэ дээ. Хүн байтугай өөрийгөө яая гэж яваа улс чинь. Ялангуяа залуучууд бүр их зээлтэй. Аав ээжээ тэтгэх гэж зээл авна. Үр хүүхдээ тэжээх гэж зээл авна. Цалин, тэтгэврийн зээлгүй хүн хаа ч байхгүй болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна