Т.Амарсанаа: Хийе гэсэн санаа байвал оролдоод үзээрэй. Бид боломж дүүрэн дэлхийд амьдарч байна шүү дээ

Б.Дашмаа
3 цаг 2 минутын өмнө

Үнэтэй интерьер, том зай талбай түрээслэхээс илүүтэй өөрт байгаа автомашины багажийг жижигхэн кофе шоп болгон тохижуулж, үйлчлүүлэгчдэдээ амттай кофе хүргэхийг зорьдог гэж ярих  "Уулын coffee шоп"-ыг үүсгэн байгуулагч Т.Амарсанаатай ярилцлаа.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?


-Урьсанд баярлалаа. Намайг Т.Амарсанаа гэдэг. "Уулын coffee шоп"-ыг үүсгэн байгуулаад 10 гаруй сар болж байна. 

-Яагаад "Уулын coffee шоп"-ыг ажиллуулах болов?

-Кофе шоп ажиллуулах болсон хэд хэдэн шалтгаан байгаа. Үүний нэг шалтгаан нь манайх гэртээ "booking"-ээр зочин хүлээж авдаг юм. Өөр өөр улсын сонирхолтой зочин их ирдэг л дээ. Тэдэн дундаас олон хүн Монголын хөдөөгөөр аялахад кофе олддоггүй гэх гомдол ярьж байсан юм. /Инээв/ Хүн байнга хэрэглэдэг зүйлээ авч явахад аялал тухтай, гоё байдаг юм байна. Кофе олон орны хүмүүсийн түгээмэл хэрэглээ шүү дээ. Тийм учраас кофе шопын бизнес гоё санагдаж, эхлүүлсэн. 

- Яагаад машины багаждаа кофе бэлтгэх болов?

-Байгаа боломждоо тааруулж хийхийг хүссэн. Надад гэр бүлийн хэрэгцээнд машин минь байсан. Машинаа гоё тохижуулаад хийе гэж бодсон. Тэгээд л хийж эхэлсэн. 

-"Уулын coffee" гэж нэрлэх болсон нь шалтгаантай юу?

-Уул гэхээр аав минь санаанд ордог. Манай аав жилийн өмнө бурхан болсон. Дотнын хүнээ алдах үнэхээр хэцүү. Аавыгаа өнгөрөхөд гурван хоног хажууд нь байж, миний гар дээр амьсгал хураасан. Өнгөрөхдөө "аав нь явлаа, баяртай" гээд явсан. Энэ үед надад сансрын хөлөгт сууж байгаа мэт санагдаж, тайвширсан. Яагаад гэвэл, энэ бол жам гэж бодож нэг л тайвширчихсан. Аав минь ч гэсэн "Аав нь явлаа баяртай" гээд гараас чанга атгаад, ухаан балартаад, үүрээр бурхан болсон. Кофегоо хийгээд, ууж суухдаа уул харахаар  маш гоё санагддаг. Аав цуг байгаа юм шиг, түшигтэй. Тэгээд "Уулын coffee" яг зохицсон нэр юм байна гэж бодсон. Үйлчлүүлэгчид маань ч яваандаа тэгж нэрлэсэн.

-Машиныхаа багажинд кофе хийж, кофе шоп ажиллуулъя гэж шийдвэр гаргахад ямар байсан бэ?


-Аливаа шинэ юм эхлүүлэхэд бөөн эргэлзээ дундаас сугарч гарч ирж байгаа шүү дээ. Хүмүүс юу гэж бодох бол, бүтэлгүйтэх болов уу гэж их бодсон. Өмнө нь олон зүйл хийж, бүтэлгүйтэж байсан болохоор дасдаг юм билээ. /Инээв/ Амьдралаа авч яваа аав хүний хувьд мэдээж орлогоо бодно. Аав хүн гэр бүлээ, амьдралаа авч явахын тулд юу руу ч хамаагүй давхиад ордог. Энэ бизнесээ эхлүүлж байхад хэцүү байсан. Хүмүүс ойлгохгүй, өөр газар очоод хийхээр хүмүүс энд зогсоохгүй гэж хөөнө. Одоо байгаа байршил буюу уулын хажуугаар машинууд давхиад л өнгөрдөг, зогсох болов уу гэж эргэлзэж байсан. Би энд уул усаа хараад, чийлэрч зогсдог байхгүй юу, тэгэхээр надтай адилхан бодолтой хүн байж л таараа гэж бодсон. Хажуугаар явахад машинууд ч зогссон байдаг болохоор энд байнга ирдэг хүмүүс байдаг юм байна. Энд зогсох нь зөв юм байна гээд л зориглоод зогссон. 

-Таны хувцаслалт гоё харагдлаа л даа. Дандаа ингэж хувцасладаг уу?

-Цамц минь ноолуур ч гэлээ халуун үед биед эвтэйхэн байдаг. Олон цамц байхгүй ээ, хоёр л ээлжийн  цамцтай./Инээв/ Өвлөөс хойш үйлчлүүлэгчдээ хүндлээд аятайхан хувцаслая гэж бодоод ингэж хувцасладаг болсон. 

-Олон үйлчлүүлэгчидтэй болсон уу, үйлчлүүлэгчид нь юу гэж хэлж байна вэ?


-Анх уулын кофегоо эхлүүлж байхад дронтой бичлэг хийдэг ах ирж кофе авч байсан юм. Тэр ах надад "чи зөв юм хийж байна, ёстой гоё байна" гэж хэлж байсан. Тэгээд сүүлд ирээд "амт нь ёстой гоё болж, сайжирсан байна" гэж хэлэхээр урам орсон.

-Кофе шопын соёл дэлгэрсэн шүү дээ. Шинээр кофе шоп ажиллуулах гэж байгаа залууст юу гэж хэлэх вэ?

-Кофе зөвхөн ундаа, уух юм төдийхөн биш шүү дээ. Кофены маш том соёл бий. Тэгэхээр зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж битгий хараасай. Манайд дотоодын кофе хуурдаг залуус олон болсон. Кофе хийхэд 7,8 жил зарцуулж, амьдралаа зориулж сурсан залуус байгаа. Тэднээс суралцаж, сургалтад хамрагдаж, хийж байгаа зүйлдээ илүү гүн, утга учиртай ороосой гэж боддог юм. Жуулчдыг Монголд очиж кофе ууя гэж бодогдтол, өөрийн онцлог шингээж хийдэг байгаасай. 

Яг дуртай ажлаа хийгээд гоё амьдарна гэдэг чинь хэцүү шүү дээ. Гэхдээ л бид боломж дүүрэн дэлхийд амьдарч байна. Хийе гэсэн санаа байвал хийгээд, оролдоод үзээрэй. Бүтэхгүй байсан ч хамаагүй, оролдоод үзсэн шүү гэх сэтгэл ханамж нь цаанаа үлдэнэ шүү гэж хэлмээр байна.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна