Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурыг Төрийн тахилгат нуур болгох бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж буй “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” их цэвэрлэгээний аян зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Хөвсгөл нуурын эрэг дагуу 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг байгальд ээлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж, хог хаягдлын зөв менежментийг хэвшүүлсэн аж ахуйн нэгжийг онцолж байна.
Тус байгууллага нь өдөр тутмын үйл ажиллагаанаас гарч буй хоолны болон ахуйн хог хаягдлаа байгальд ээлтэйгээр шийдвэрлэж байна. Хоолны үлдэгдэл, органик хаягдлыг шууд хаяхгүйгээр боловсруулж, бордоо болгон ашигладаг байна. Ингэснээр хөрсний доройтлыг бууруулж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Мөн хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин боловсруулах боломжтой материалыг тусад нь цуглуулдаг. Шингэн хог хаягдлыг зориулалтын дагуу соруулж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр холбогдох стандарт, журмын дагуу шийдвэрлэдэг байна.
Хөвсгөл нуурын цэвэр, онгон төрхийг хадгалахад зөвхөн нэг удаагийн цэвэрлэгээ хангалтгүй бөгөөд аж ахуйн нэгж бүрийн өдөр тутмын хариуцлагатай үйл ажиллагаа чухал юм. Байгальд ээлтэй хог хаягдлын менежментийг хэвшүүлж буй эдгээр туршлага нь нуурын экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна