Д.Лхагва: Мэргэжлийн бокс руу орно гэдэг асар их зориг байсан

Х.Есү
2 цаг 42 минутын өмнө

1999 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Монгол Улс анх удаа Мэргэжлийн боксын дэлхийн аваргаа өлгийдөн авч байжээ. Олноо Пан Лхагваа, Боксын Лхагваа нэрээрээ алдаршсан Монгол Улсын гавьяат тамирчин, Мэргэжлийн боксын дэлхийн аварга Д.Лхагвааг бид энэ удаагийн “Зөв хүн” ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Боксын Лхагваа байна.

-Таны боксын замнал хэрхэн эхэлж байв даа?

-Би ер нь боксоороо л овоглоод явчихсан. Анх 12 настайдаа дугуйн дугуйланд орох гэж очсон юм. Хажууд нь боксын дугуйлан байсан. Тэгээд л яагаад ч тэнд бүртгүүлээд орчихсон. Багын хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Адилхан л гэр хорооллоос гарч ирсэн.

Усаа зөөнө, мод түлээгээ хагална, хөрөөднө. Сургуульд орохоосоо өмнө сарын 9 төгрөгийн цалин аваад өглөө 6 цагт босож үхэр туудаг байлаа. Өглөө үүрээр үхрээ хариулаад явж байхад чонотой таарна. Гартаа чулуу бариад л явдаг байсан. Өдөрт маш их ажил хийдэг байсан даа. Энэ бүхэн боксын спортыг сонгох шалтгаан болсон байх.

Мэдээж дугуйланд явж байгаа гэдгээ аав ээждээ хэлнэ. Гэхдээ боксын дугуйлан гэж хэлээгүй. Тухайн үед аав ээж боксын дугуйланд явлаа гэхээр хорино. Тийм болохоор бөхийн спортоор хичээллэж байгаа гэж хэлдэг байсан. Бэлтгэл хийгээд очиход нүд ам хавдчихсан байдаг байсан. Тэрийгээ унасан барьсан гэж худлаа хэлээд л явдаг байлаа.

Анхны тэмцээндээ ороод мөнгөн медаль аваад аав ээждээ үнэнээ хэлж байсан. Медаль авсныг хараад  үргэлжлүүлж явуулж байсан. Багшийнхаа заасан арга техникээр хичээллээд л байвал бэртэл гэмтэл авдаггүй юм. Би тамирчин байсан бол ингэж хэлэхгүй л дээ. Гэхдээ би 20 гаруй жил бокс тоглохдоо нэг ч бэртэл гэмтэл авч байгаагүй.

-Та сонирхогчдын боксоос яагаад мэргэжлийнх рүү шилжсэн юм бэ?

-Анх мэргэжлийн бокс манайд хаалтай байлаа шүү дээ. Тэр болгон хүмүүс мэргэжлийн бокст дурлаад зориглоод гарах зоригтой хүн байгаагүй байх. Өөрийгөө магтаж байгаа юм биш. Гэхдээ би хамгийн түрүүнд зориглоод гарч байсан юм. Яг үнэндээ мөнгө шүү дээ. Мөнгө байж амьдрал үргэлжилнэ. Би үүн дээр л зориглож гарсан. Би чинь бүхэл бүтэн Олимпыг хаяад гарсан шүү дээ. 1995 он бол сонирхогчдын бокст миний оргил үе байсан.

-Мэргэжлийн боксоор дэлхийн аварга болохдоо та японы тамирчинтай үзсэн. Тэр дурсамжаасаа хуваалцвал?

-Япон бол олон аваргатай. Тухайн үед ганцхан аварга л үлдсэн байсан юм. Хэвлэлийн бага хурлаас эхлээд л намайг хурцлаад эхэлсэн. Миний бодитой харсан ганц зүйл нь хэвлэлийн бага хурлын үеэр миний зургийг хэвлээд авчирчихсан нүдэн дээр минь ураад идээд эхэлсэн. Тэр агшин намайг улам  хурцалсан. Урд нь ерөөсөө тийм зүйл харж байгаагүй болохоор их хурцлагдсан. Хэвлэлийн бага хурлын дараа нь шөнөжин “шатаад” унтаж өгдөггүй. Хурдан маргааш болоосой л гэж бодсон.

Маргааш нь цохиж унагаагаад ялсан. Тэр зүйл маш хурдан болсон. Би тэрийг яг төлөвлөөгүй. Яагаад ч юм өөрийн мэдэлгүй бүгдийг нь хийчихсэн. Тэмцээн дуусахад би өөрөө ч гайхсан.

-МУГТ Т.Үйтүмэнтэй хийж байсан тулааныхаа талаар яриач?

-Т.Үйтүмэн бид хоёр нэг жинд байгаагүй. Би 57кг, Үүеэ 60кг-д байсан. 1995 оны улсын аваргаар би жин нэмээд 60 кг руу орсон. Хоёр талаас ялаад л гараад ирцгээсэн. Бид хоёр тоглох болоод байдаг анх намайг Үүеэтэй тулалдуулах гээд байсан Ганбаа багш маань ирээгүй. Бид хоёрын тэмцээнийг үзээгүй.

Би тэр тэмцээн дээр ялаад л алтан медаль аваад тэр жилдээ бүх тэмцээндээ төлөөлөөд явчихсан. Үүеэ чинь жиндээ босоо байсан шүү дээ. Цаад утга нь Ганбаа багш намайг Т.Үйтүмэнг ялуулах гэж 60 кг руу оруулсан шиг байгаа юм. Үүеэ маань ялагдчихаад боксоо болье гээд нутаг руугаа очоод хэсэг газар тариалан эрхэлж байсан байгаа юм.

-Та солонгост хэр удаан байсан бэ. Шалтгаан нь юу байв.

-Солонгост алтан цом гээд тэмцээн болсон юм. Тэр тэмцээнд ялчхаад шууд Солонгостоо үлдчихсэн. Би ер нь гомдох маягтай болоод үлдчихсэн. Монголоос явсан 4-5 тамирчин тэр тэмцээнд бүгд улсын зардлаар явсан. Би явъя гэсэн чинь зардал байхгүй гээд. Тэгэхээр нь би өөрөөсөө зардлаа гаргаад явсан. Би хувиасаа зардлаа гаргаж очоод ганцаараа алтан медаль аваад ирсэн учраас үлдэх эсэх нь миний эрх байсан. Би тэр үед боксын Отгонбилэг ерөнхийлөгчөөс ганцхан л зүйл хүссэн. Тэр үед би олуулаа амьдардаг байв. Шигшээ багын тамирчдын амьдрал маш хэцүү байсан үе. Тийм учраас би “Та надад хоёр өрөө байр өгвөл би олимпт оръё” гэсэн. Ерөөсөө ийм л наймаа явагдсан. Гэтэл “Чи ороод бат медаль авна, чамайг медаль авахаар хүссэн хүсээгүй байраар шагнана” гэсэн. Би гаднаа ойлголоо гэж хэлсэн ч дотроо яг шд гэж бодсон. Тэгээд л маргааш нь буцаад Солонгос явсан. Ийм л асуудал үүссэн юм.

-Та гэр бүлийнхээ тухай манай үзэгчдэд танилцуулбал?

-Ах нь зургаан хүүхэдтэй. Таван хүү, нэг охинтой. Манай бага хүү намайг боксын дугуйлан байгуулаад эхлэхэд л явж эхэлсэн. Одоо үнэхээр дуртай. Боксоос өөр юм бодохоо больсон. Хүү маань сая Улсын аварга болсон. Үүнээс өмнө олон зүйл болсон. Тэмцээнд ороод хожигдоод уйлаад л “аав би болилоо” гэхээр нь боль боль гэж хэлчхиээд л байдаг байсан. Тэгж байтал нэг мэдэхэд бэлтгэл дээрээ ирчихсэн явж байдаг. “Чи болилоо гэсэн яасан” гээд асуухаар над руу муухай хараад “хэн болино гэсэн юм” гээд л яваад байна. Би нүүр өгдөггүй юм. Сайн байна гэж хэлээгүй.

Энэ спортод хүүхдүүдийг дурлуулахыг хүсэж байна. Спортод дурлаж байж хүүхдүүд амжилт гаргаж чадна. Хүүхдийг ерөөсөө ялгаж болохгүй. Хэзээ хаана яаж харьцахаа бодох хэрэгтэй. Хүүхдүүдэд багш маш чухал байдаг. 

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. 

-Намайг урьж ярилцлага авсанд баярлалаа. Ам эвлэж өгөхгүй эвгүй л байлаа. Уг нь 20 гаран жилийн өмнө ярилцлага авах хүний тоо тасардаггүй байлаа. Сүүлдээ яриад сурчихсан байсан юм. Одоо ярихаа больчихсон чинь гацаж бариад эвгүй болчихож. Баярлалаа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна