Тамхины хяналтын хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ

Zuv.mn
1 цаг 50 минутын өмнө

Монгол Улсын иргэн Ундралболдын Хүрэлсүх, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан нар 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж, УИХ-ын 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санал хураалт Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн маргаан үүсгэн хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Мэдээлэлд дурдсанаар, тухайн өдрийн чуулганы нээлттэй дүрс бичлэгээс харахад нэр бүхий гишүүд санал хураалт явагдах үед хуралдааны танхимд биечлэн байгаагүй боловч тэдний нэр дээр байнгын хорооны саналыг дэмжсэн санал бүртгэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэжээ.

Өмгөөлөгч Б.Баатарсайхан энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчим, Үндсэн хуулийн 23.1-д заасан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх зарчим, мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.9-д заасан "гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд бусдын өмнөөс санал өгөхийг хориглоно" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаагаа мэдээлэлдээ онцолжээ.

Мөн тэрээр, хэрэв гишүүн санал хураалтын үед танхимд байгаагүй бол хүчин төгөлдөр мөрдөгдөж буй УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу түүний саналыг "эсрэг санал" гэж тооцох ёстой байтал өөрөөр бүртгэгдсэн нь хууль тогтоох ажиллагааны хууль ёсны байдалд эргэлзээ үүсгэж байна гэж тайлбарласан байна.

Иймд тэрээр УИХ-ын 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой гарсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэхийг хүссэн байна.

Тус мэдээлэлд УИХ-ын чуулганы дүрс бичлэг бүхий цахим хадгаламж, мөн 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн чуулганы ирцийн мэдээллийг нотлох баримтаар хавсарган хүргүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна