Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар УИХ-ын гишүүд, сайд нарт урилга өгөхгүй. Бүгдийг нь цахимаар худалдаална хэмээн Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
Энэ жилийн наадмын нээлтийн тасалбарын урилгыг УИХ-ын гишүүд болон сайд нарт өгөхгүй гэсэн. Өмнөх жилүүдэд ийм урилга өгдөг байсан уу?
- Гишүүн болсноосоо хойш би лав нэг ч удаа орж үзээгүй. Эхлээд УИХ-ын Тамгын газраас “үзэх үү үзэхгүй юу?” гэж асуудаг. Тэгээд үзэхгүй гээд үздэггүй байсан.
-Одоо энэ зохицуулалтыг та хэрхэн харж байна вэ?
-Би нэг зүйлийг гайхаад байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу ойлголт түгээж байна гэж хараад байгаа.40 хувь хүртэлх их хэмжээний тасалбар үнэгүй тараагдаад байгаа гэсэн ойлголт байхгүй байна. Сайд байхад би нэг удаа үзэж байсан. Тэр үед тодорхой хэмжээний гэж байсан болохоос тийм их бол байгаагүй.
Ер нь бол гарч байгаа шийдвэрийг л дагна. Зөв зүйл гэж бодож байна. Тэнд гэр бүлээрээ очоод хэвлэлээр гоё харагдахын тулд баахан гоё дээл хувцас өмсөж очоод папарацид өртөх гээд байх шаардлага байхгүй. Гэхдээ тэнд зөвхөн УИХ-ын гишүүд, сайд нар урилга авч очдоггүй. Агентлагийн дарга нар, зөвлөхүүд гэх мэт маш олон хүмүүс очдог. Сайд байхдаа очиж үзэхэд бол асарын гол хэсэг зайгүй л байдаг байсан. Тэгэхээр энэ бол зөвхөн УИХ-ын гишүүд болон сайд нартай холбоотой асуудал биш бусад холбогдох хүмүүс мөн үзчихсэн явж байдаг.
-Таны хувьд ер нь ямар наадам хамгийн сайхан байдаг вэ? Наадмыг ер нь яаж өнгөрүүлдэг вэ?
- Сумын наадам хамгийн сайхан байдаг. Суманд бол бүх юм сайхан нүдэн дээр ил, тэнд тасалбар авна гээд байх юм байхгүй, тэнд хүмүүс хуушуур, ундаагаа зардаг, холоос биш бүх юмыг ойроос харах боломжтой гэх мэт илүү амьд болдог юм шиг санагддаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна