Сүхбаатар дүүрэгт Эрүүл мэндийг дэмжих төв шинэ байрандаа орж, нээлтээ хийсэн.
Энэ талаар СБД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болормаа "Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа "Салбар амбулатори – Эрүүл мэндийг дэмжих төв" шинэ байрандаа орж нээлтээ хийлээ.
Энэхүү төв нь зөвхөн эмчилгээ хийх бус иргэдийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чиглэлээр орчин үеийн эрүүл мэндийн шинжлэх ухааны чиг хандлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм.

Тус төвийн онцлог нь:
Хүчин чадал 2 дахин нэмэгдсэн байна.
1957 оны хуучин барилгыг буулган 5 давхар, 2,119 м² шинэ барилгыг ашиглалтад орууллаа.
Нийт 4.7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж, Улсын төсөв болон Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.8 тэрбум төгрөгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байна.

Шинэ төвөөр дамжуулан:
Төрөлжсөн мэргэжлийн 15 чиглэлийн үзлэг
17 төрлийн оношилгоо
5 төрлийн лабораторийн шинжилгээ
Урьдчилан сэргийлэх үзлэгийн 11 багц үйлчилгээ
Сэргээн засах болон эрүүл мэндийг дэмжих цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж бүрдэж байна.
Энэхүү бүтээн байгуулалтын хөрөнгийг 2019 оны улсын төсөвт тусгуулж, 2020 онд шавыг нь тавьсан бөгөөд ковид цар тахлын улмаас барилгын ажил удааширч тодорхой асуудал үүссэн хэдий ч өнөөдөр нээлтээ хийж иргэддээ үйлчилгээ үзүүлж эхэлж байгаад баяртай байна. Эрүүл иргэн – улсын хөгжлийн үндэс юм" гэжээ.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна