ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг

Т.Отгонсувд
1 цаг 50 минутын өмнө

Боловсролын яам ХААН Банк болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт шинээр бага сургууль барихаар болж, өчигдөр хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зурлаа.

Өнгөрсөн онд ХААН Банкны  санхүүжилт, дэмжлэгээр 4 байршилд бага сургууль байгуулснаар алслагдсан багийн 300 гаруй хүүхэд гэртээ ойр, аюулгүй, аз жаргалтай орчинд суралцах боломж бүрдсэн юм.

Шинээр баригдах 2 сургуулийн барилга нь өмнөх сургуулиудын нэгэн адил уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашигласан, жилийн 4 улиралд дэд бүтцийн хүндрэлгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой гэдгээрээ онцлог. Түүнчлэн олон улсын стандартад нийцсэн сургалтын танхим болон бүрэн тоноглогдсон цахим анги байгуулж, сурагч бүрийг шаардлагатай хичээлийн хэрэгслээр бүрэн хангах юм.

Ташрамд дурдахад, ХААН Банк 35 жилийнхээ ойн хүрээнд алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, итгэл, боломж, ирээдүйг нь ойртуулж өгөх зорилгоор энэ онд нийт 6 байршилд бага сургууль байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа энэхүү төслийн санаачилгыг анхнаас нь дэмжиж, хүүхдийн боловсрол, хөгжлийн тэгш боломжийг бүрдүүлэх үйлсэд манлайлан оролцож байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоог уриалан ажиллаж буй билээ.

ХААН Банк 2007 оноос хойш ХААН Банк сангаараа дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал зэрэг олон салбарт энэ оныг оролцуулаад нийт 540 гаруй төсөл, хөтөлбөрт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна