Гандаж буй дэлхийд цөлжиж буй Монгол

Х.Батсайхан
1 цаг 39 минутын өмнө

-Мал аж ахуйн ирээдүйн чиг хандлага. Монгол дагах уу, мөхөх үү?-

Дэлхийн мал аж ахуйн салбарт маш том өөрчлөлт явагдаж байна. Энэ нь дэлхийн байгаль орчин, цаг уурт гарч буй хувьсал, тодруулбал цөлжилттэй салшгүй холбоотой. Тэгэхээр, Монголынхоо мал аж ахуйн салбарын өөрчлөлт, чиг хандлагын талаар ярихын тулд дэлхийн хэмжээнд бэлчээрийн байдал цөлжилт ямар түвшинд байгаа талаар заавал мэдэх ёстой болно.

Цөлжилт үүсэх шалтгаан олон янз. Цөлжилтийн талаарх ойлголт, үүсэх шалтгаан сүүлийн 100 шахам жилд нэг, нэгээр нэмэгдэж наймд хүрсэн бөгөөд хамгийн сүүлд “Зогсоох боломжгүй” гэсэн харамсалтай үг орж ирсэн. 

Монгол орны хувьд цөлжилт үүсэх дээрх найман шалтгаан наймуулаа байгаа гэж үздэг. Ялангуяа Келлер, Лэмпри, Фернандезын тодорхойлсон шалтгаанууд хүчтэй илэрч буй. Малын тоо толгой сүүлийн 10-хан жилд бараг гурав дахин (2010 онд 32 сая, 2020 оны есдүгээр сард 90 сая) өссөн. Уул уурхайн хайгуул, ашиглалт идэвхтэй явагдаж буй. Эдгээр уурхайн ихэнх нь, ялангуяа говийн бүсэд байрлаж байгаа уурхайнууд бүгд газрын гүний ус ашигладаг. 

Цөлжилт, ургамлын төрөл зүйлийн бууралтад нөлөөлдөг дэлхийн дулаарал Монголд гурав дахин хурдтай явагдаж байгаа (Сүүлийн 40 жилд 2.1 градус, дэлхийд 0.7 градус) гэсэн судалгаа бий. Гандуу, цөлжилтөд өртөх эрсдэлтэй газар нутгийн 40 хувь нь Ази тивд байна. Энэхүү 40 хувь нь үндсэндээ Монголоос гадна Дундад Азийн дөрвөн улсад тэнцүүхэн ногдож байгаа юм.


Хувилаад бодоход дэлхийн гандуу нутгийн аравны нэг нь Монголд ногдож байгаа нь түгшүүрийн харанга дэлдэх шалтгаан мөн.

Дэлхийн олон улс орон цөлжилтөд хүн амын өсөлт, хүний буруутай ажиллагаа, малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн хэт их ашиглалт гэсэн дөрвөн хүчин зүйл хамгийн хүчтэй нөлөөлдөг гэж тодорхойлоод хүн амын тоог цөөлөхөөс бусад чиглэлд тодорхой ажлуудыг хийгээд явж байна. Тодруулбал, уул уурхайг хариуцлагажуулан нөхөн сэргээлтийг чанартай хийж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн тоо толгойг багасгаж байгаа юм.

Мал аж ахуйд тулгарсан асуудлууд: Орших уу, эс орших уу?

Бэлчээрийн хүрэлцээ, цөлжилтөд оруулж буй хувь нэмэр, хүн төрөлхтний хоол хүнсэн дэх үүрэг оролцоо гээд аль ч талаас нь харсан хөгжил буурай орнуудын мал аж ахуйн салбар одоо маш эгзэгтэй, цаашдын хөгжлийн загвараа тодорхойлох үедээ ирээд байна.

Мах, сүү нь хүн төрөлхтний хувьд уургийн маш чухал эх үүсвэр. 2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.3 тэрбум болж, хэрэгцээ одоогийнхоос 80 хувиар өснө гэсэн таамаг бий. Гэтэл энэ их хэрэгцээг эх дэлхийн хязгаарлагдмал бэлчээрийн нөөцөөрөө хэрхэн хангах билээ.

Өнөөдөр дэлхий дээр хоёр тэрбум га бэлчээрт 1.4 тэрбум толгой мал, мөн тооны гахай, тахиа өсөж үржиж байна. Бид бүгдээрээ нэгэн зэрэг цагаан хоолтон болдоггүй л юм бол малын тоо толгой цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Гагцхүү нөөц бололцоо нь арай шавхагдчихаагүй байгаа учраас л эрдэмтэд хийх ажилтай байж, ашиг шим нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг хийж байна. Тухайлбал, АНУ-д сүүний чиглэлийн үнээ 75 жилийн өмнөхөөс дөрөв дахин их сүү өгдөг болжээ. Гэхдээ энэ нь мөн л хэсэг хугацааны дараа чинээндээ тулах нь тодорхой. Тиймээс одоо эрдэмтэд асуудлыг том зургаар харж, дараагийн алхмыг эрэлхийлээд эхэлжээ.

Олон хувилбарын дотор ер нь мал аж ахуйг цаашид бэлчээрийн байлгах нь зохисгүй гэсэн санаа ч явж байна.

Учир нь, хүн төрөлхтөн уургийн хэрэгцээнийхээ 20 хувийг махнаас авдаг. Гэтэл энэ 20 хувийг хангаж байгаа мал нийт бэлчээрийн 40 хувийг эзэгнэж, үр тарианы гуравны нэг, өвс ургамлын 86 хувийг идэж байдаг нь ашигт үйлийн коэффициент бодох шалтгаан болжээ. Хэрэгцээнийхээ 20 хувийг хангахын тулд бэлчээрээ талхлуулж байснаас больчихоод илүү өндөр ашиг шимтэй ургац авах нь дээр бус уу гэсэн санаа ч гарч болохоор. Малынхаа тоо толгойг цөөлж байгаа Австрали (Тус улсын хонин сүргийн тоо толгой түүхэн доод түвшинд хүрээд буй) зэрэг улс нь яг энэ бодлогын дагуу явж байна. Гарсан орон зайг нь шавьж хорхой зэрэг уургийн шинэ эх үүсвэр олох, органик бодисыг генийн инженерчлэлийн аргаар өөрчлөх технологиор нөхнө гэж тооцжээ.

Дэлхий чинээндээ тулчихаж, харин Монгол яах вэ?

Дэлхий дээр мал аж ахуйн салбар ийнхүү хурдацтай хөгжиж, чинээндээ тулахад ойртож байна. Гэвч энэ нь Монгол Улсад боломж байхгүй гэсэн үг биш юм. Харин ч зам товчлох, илүү хурдан ахих бололцоо бүрдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан судалгаанаас харахад дэлхийн махны хэрэгцээний ихэнхийг гахай (нийт хэрэглээний 36 хувь), тахиа (33 хувь) бүрдүүлж, манайд байдаг үхэр (24), хонь, ямаа (5 хувь) багахан хувийг эзэлж байгаа. Энэ нь бас л манайд боломж байхгүй гэсэн үг биш. Байгаа нөөц бололцоо нь л ийм гэж ойлгох хэрэгтэй юм. Тиймээс манайд зах зээл хангалттай гэсэн үг.

Малын гаралтай бүтээгдэхүүн тус бүр дээр өдгөө чанар, эрүүл ахуйн нэгдмэл стандарт, худалдааны сүлжээ бий болжээ. Бидний гол даалгавар эхний ээлжинд дотооддоо энэ сүлжээг бий болгох явдал болоод байна. Хөдөө аж ахуйн биржийг утгаар нь ажиллуулж, улсынхаа хаанаас мах, малын гаралтай бүтээгдэхүүнээ хэрэгтэй газарт нь түргэн шуурхай хүргэдэг болсон цагт дараагийн буюу экспортын асуудлыг ярьж болно.

Одоохондоо бидэнд хоёр хөршөө даван дэлхийн сүлжээнд ороход хоёр том саад байгаа. Нэгдүгээрт, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй хоцрогдсонд байна. Дэлхийн сүлжээнд орсон улсууд бараг бүгд эрчимжсэн мал аж ахуйтай.

Хоёрдугаарт, бүтээгдэхүүний чанар. Монголд ч дэлхийд ч махны чанарын талаар баримталдаг философи нь бараг адилхан. Сайн өвс идэж, цэнгэг усаар ундаалж, цэвэр агаараар амьсгалах нь гол гэж үздэг. Гэхдээ түүнээс цааш арай ялгаатай.

Сүлжээнд орсон улсуудын мах бэлтгэх үйлдвэрүүд Европ, АНУ- ын мах, махан бүтээгдэхүүнд тавьдаг ВРМ, НАССР стандартыг хэрэгжүүлэхийг гол зорилго болгож ажилладаг. Зорилтот зах зээл гэж харсан улсынхаа стандартыг л харж ажилладаг гэсэн үг юм.

Мах авах улс үйлдвэрээ өөрсдөө сонгодог, ингэхдээ шаардлага хангасан газруудаар л явах нь ойлгомжтой шүү дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна