Монголд Непалын араас орох шинж бүрэн бүрджээ

Zuv.mn
2 цаг 5 минутын өмнө

Жилийн өмнө непалчууд эрх баригчдаа орд харшаас нь хөөн гаргаж ирээд хэмх зодож, эрх мэдлээс нь салгасан билээ. Шалтгаан нь олон нийтийн сүлжээг хянах хууль гаргахыг завдсан гэх боловч цаанаа хуулийн тэгш бус хэрэгжилт байсан байдаг Өөрөөр хэлбэл, Балбад хууль баячуудад үйлчлэхгүй, харин ядууст яс үйлчлээд байсанд асуудлын гол нь оршиж байсан хэрэг. 

Тэгвэл тэрхүү нөхцөл байдал одоо Монголд яг байна. Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээс үзвэл, өнөөдөр манай улсад 400 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгждэг юм байна. Гэхдээ хэрэгждэгээсээ хэрэгждэггүй нь илүү олон аж. 

Архидан согтуурахтай тэмцэх тухай гэх мэт батлагдсанаасаа хойш “салхи үзээгүй” ёстой жинхэнэ “гууль” гэж байхад, танил тал, бэл бэнчин зузаантайд “гууль”, “бор зүрхээрээ” зүтгэгчдэд хууль болчихдог “Эрүүгийн”, эсрэгээрээ, бэл бэнчин зузаантнуудад хууль, бор зүрхээрээ зүтгэгчдэд “гууль” болчихдог Газрын тухай, ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай гэх мэт хууль-гуулийн эрлийз ч олон байх аж. Иймэрхүү эрлийз хуулиуд жинхэнэ “гууль”-иасаа ч илүү уршиг тавьдаг гэдэг.

Хууль “гууль” болох хоёр шалтгаан бий. Эхнийх нь хууль өөрөө цоорхойтой байх. Энэ тохиолдолд засч өөрчлөхөөс өөрөөр жинхэнэ хууль болгох арга байхгүй. Хоёр дахь нь, хууль хэрэгжүүлэгчдийн шударга бус байдал. Дэлхийгээс тасарсан манай улсад эрхтэн дархтнууд нь “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг”, ядуус нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэсэн зарчмаар амьдардаг. Баячууд нь үүнийг мэддэг, ядуус нь харин мэдсэн ч үзэл бодлоо илэрхийлж чадахааргүй болтлоо оюун санааны хүлээсэнд оршиж байлаа. Одоо харин юмны учрыг ойлгож, нэгдэхийн чухлыг мэдэж авцгаажээ. Хуулийг хууль байлгадаг гол хүчин зүйл нь шударга ёс. Шударга ёс үгүй болоод ирэхээр хууль “гууль” болж хувирдаг. Харамсалтай нь, шударга ёсыг алдагдуулагч нь хүн өөрөө байдаг. Энэ нь эцсийн эцэст хүнд байгалиас заяасан чанар болох шуналтай холбоотой.

В.И.Ленин “Хүмүүс хамтдаа баялаг бүтээж, социализмд хүрнэ. Нийтийн хүчээр хуримтлуулсан тэр баялгаас хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр авна” гэж сургажээ. Харин нэгэн шуналтай хүн “Хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр авахгүй бол яах вэ, хүмүүс шуналтай шүү дээ” гэхэд Ильич “Ингэхийн тулд хүний ухамсрын асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн хариулсан гэдэг. 

Гэтэл хүний ухамсрыг, тэр тусмаа байгалиас заяагдсан чанарыг өөрчлөх боломжгүй билээ. В.И.Ленин шиг ухаантай хүн үүнийг мэдэхгүй байсан гэхэд итгэмгүй. Магадгүй, тэрбээр үүнийг мэдэж байгаа ч албан тушаал, алдар нэрэнд толгойгоо мэдүүлээд 70-хан жилийн настай сургаалиа айлдсаар байсан ч юм болов уу гэж одоо санагддаг. Тэгэхээр социализмыг үндэслэгч нь ч “шуналын хүүдий” байсан болж таарч байна.

Зах зээлийн тогтолцоо Монголд хэрхэн хэрэгжиж байгааг хараад байхад шударга бус хуваарилалтаас бусад нь В.И.Лениний мөрөөдөж байсан нийгэмтэй их адилхан. Хүн бүр нийтийн хүчээр зүтгэж байж /татвар төлөгчид/ материал техникийн бааз /улсын төсөв/-ыг бүрдүүлдэг. 

Ялгаатай нь ард түмэн тэндээс бүгд эрх тэгш хүртэж чаддаггүй. Ихэнх хэсэг нь хэрэгцээнийхээ хэрээр ч авч чадахгүй байхад эрх мэдлийг хэрэгжүүлэгч цөөнх нь шуналынхаа хэрээр авах боломжийг олсон. Тэд энэ хуваарилалтынхаа зарчмыг хуулийг “гууль” болгох замаар хэрэгжүүлдэг юм. Монгол Улс зах зээл ч биш, социализм ч биш эрлийз замаар замначихжээ. Чухам энэ алдаа нь хэрэгждэггүй хуулиудыг ихээр бий болгосон байна. Энэ нь иргэдэд нөлөөлсөөр тэсэрдэг ажээ.

Хууль тэгш хэрэгжихгүй байх нь авлигыг цэцэглүүлдэг. Транспаренси интернэйшнл байгууллагын судалгаагаар, Монгол Улс авлигаараа дэлхийд 124 дүгээрт байна. Гэтэл Непал 109 дүгээрт буюу манайхаас бага авлигатай гэж бичигдсэн байх юм. 

Монголчуудын хувьд өнөөдөр улстөрчид нь нэг, нэгнээ хулгайчаар нь дууддаг, гэсэн ч хэн ч хариуцлагша хүлээдэггүй, жижиг жараахай агнадаг ёс төдий АТГ-тай, системийн авлигалд автсан төрийн алба иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн уландаа гишгэж байгааг харж залхаж байна.   

    




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна