Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баригдах “Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төсөлд хамтрахаар Шведийн хаант улс, БНХАУ, БНСУ болон АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид урилгаа хүргүүлснээс таван ААН-ээс үнийн санал ирүүлжээ. Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнд хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулсан.
Хураангуй жагсаалтад багтсан стратегийн хөрөнгө оруулагчдын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөрөнгө оруулах хувилбар, бизнес түншлэлийн саналыг үнэлэх, төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах хоёр дахь шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдсэн.
Хөрөнгө оруулагчдад дотоодын сая тонн гангийн хэрэглээг хангахаас гадна экспортод гаргах өндөр чанарын ган үйлдвэрлэх, дотоодын ААН-үүдийг ажлын байраар хангах, ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх шаардлага тавих аж. Төслийн бүтээн байгуулалт явагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Эцэслэсэн дүн мэдээг 2026 оны аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна