Монгол Улс бүс нутгийн жендерийн дипломатыг манлайлж байна

Х.Есү
55 минутын өмнө

Улаанбаатар хот. Дэлхийн 20 орны 100 гаруй эмэгтэй парламентч Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Энэ нь, дэлхийн 200 гаруй улсын парламентын 11 мянга орчим эмэгтэй гишүүдийн тоонд харьцуулахад цөөн тоо боловч өнөөгийн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны бодит дүр төрх, тулгамдаж буй асуудлыг хөндөхөд хангалттай төлөөлөл гэж болно.

Олон Улсын Парламентын Холбооны (IPU) 2025 оны тайланд, дэлхий дахинаа парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь өсөж байгаа мэт харагдавч сүүлийн жилүүдэд энэ өсөлт илт удаашраад байна. Ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын салбарт томилох хэвшмэл ойлголт хэвээр байгаа бөгөөд санхүү, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, зам тээврийн салбарт эрэгтэйчүүд давамгайлсаар байна гэжээ.

Дипломат платформын шинэ өнгө

Монгол Улсын хувьд Гадаад харилцааны эмэгтэй сайдтай болсноор дэлхийн эмэгтэй улстөрчид, шийдвэр гаргагчдын цуглаж, олон улсын тулгамдсан асуудлыг хэлэлцдэг бүс нутгийн чухал төв болоод буй. Тиймээс ч Монгол Улс өөрийн санаачилгаар дэлхийн хэмжээний яриа хэлэлцээг эх орондоо тогтмол өрнүүлж байгаа нь улстөр, дипломат харилцааны хувьд өндөр ач холбогдолтой билээ.

Тухайлбал,

2022 он: Дэлхийн энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулган

2023 он: Гадаад харилцааны эмэгтэй сайд нарын уулзалт

2024 он: Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт

2025 он: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт

2026 он: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт гэх мэтээр цуврал гэж хэлж болохуйц чуулга уулзалт сүүлийн жилүүдэд тасраагүй.

Улаанбаатар энэ оны 10 дугаар сарын 12-13-ны өдөр “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-аар “Жендерийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд хууль эрхзүйн орчин”, “Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн төлөөллийн нөлөөлөл”,”Эмэгтэй улстөрчдийн талаарх хэвшмэл ойлголт, түүнээс шалтгаалсан хүндрэл бэрхшээл” зэрэг асуудлаар дэлхийн улстөрч бүсгүйчүүд дуу хоолойгоо өргөнө.

Мэдээж, Монгол Улс зөвхөн форум зохион байгуулах гэж дэлхийн эмэгтэй улстөрчдийг эх орондоо жил бүр уриад байна гэж харвал өрөөсгөл.

Монгол Улс жендерийн дипломат ажиллагаагаараа дэлхийн болон бүс нутгийн тавцанд нэр хүнд байр сууриа өсгөж байна. Мөн хуульчилсан квот болон шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцооны сайн туршлагаа Ази Номхон далайн бүс нутагт түгээн дэлгэрүүлэх нэг талбар нь болоод буй гэж болно. Гол нь, эмэгтэй улстөрчдийг чиглэсэн цахим хүчирхийллийн эсрэг тэмцэх, залуу эмэгтэйчүүдийг улс төрд бэлтгэх, манлайллыг дэмжих, эмэгтэй улстөрчдийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх зэрэг олон улсын бодлогын хэрэгжилтэд Монгол Улс бодитой хувь нэмрээ оруулж байгаа юм.

Тоогоор Ази тивдээ тэргүүлэх ч, дотооддоо эмэгтэйчүүдэд “өндөр босго”-той байна

Монгол Улс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын 126 гишүүнтэй болсноор эмэгтэй гишүүдийн тоог 32 (25.4 хувь )-т хүргэсэн нь дэлхийн дундаж түвшинд ойролцоо очоод байна.  Сонгуулийн тухай хуульдаа хүйсийн квотыг 30 хувиар тогтоож, ирэх сонгуулиар 40 хувьд хүргэх зорилт тавьсан.

ОУПХ-ны 2025 оны тайланд хуульчилсан квот нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх гол хөшүүрэг болохыг онцолсон. Тэгэхээр энэ үзүүлэлтээр Монгол Улс Ази тивдээ үлгэр жишээ болж байгаа. Гэвч шийдвэр гаргах түвшин буюу УИХ-ын Байнгын хороодын дарга, Засгийн газрын бүрэлдэхүүн дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувьд ахиц гарч чадсан уу гэвэл үгүй.

Эмэгтэй улстөрчдөд тулгарч буй сорилт: Цахим орчин дахь хүчирхийлэл

Энэ удаагийн чуулганаар хөндөх гол сэдэв бол сошиал орчин дахь гүтгэлэг, цахим хүчирхийлэл байх нь гарцаагүй. Учир нь, Ази-Номхон далайн бүсийн эмэгтэй парламентчдын 76 хувь нь сэтгэлзүйн хүчирхийлэлд өртсөн гэх судалгаа 2026 онд гарчээ.

Манай парламентын гишүүн эмэгтэйчүүдэд ч хамгийн их хүндрэл учруулж буй зүйл бол энэ. Жишээ дурдвал, хэдэн хуудас болох биз.

Зохион байгуулалттай цахим гүтгэлэг, дайралт нь эмэгтэйчүүдийг сонгуулийн нэр дэвших гараанаас буцахад хүргэж байгааг ОУПХ-ноос онцолжээ. Тиймээс өнгөрсөн жилийн чуулганаар эмэгтэй улстөрчдийн аюулгүй байдлыг хамгаалах, цахим хүчирхийллийн эсрэг сүлжээ байгуулсан байна. Энэ сүлжээний үйл ажиллагааны тухай энэ удаагийн чуулганд хөндөгдөх ойлгомжтой.

Улаанбаатар цугласан дэлхийн эмэгтэй парламентчдын дуу хоолойг олон улс чих тавин чагнаж байгаа. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулга уулзалтын бүгд хуралдааныг даргална. Төлөөлөгчид сэдэвчилсэн хуралдаанууд өөрийн төдийгүй улс орныхоо байр суурийг илэрхийлнэ. “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” хэрхэн хүрэх тухайд дэлхийн эмэгтэй парламентчид ямар дүгнэлтэд хүрэхийг хамтдаа сонирхоё.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна