АН-ын бүлгийн даргад МАН тэр дундаа Ерөнхийлөгч оролцох болтлоо сөрөг хүчин доройтов уу

Т.Отгонсувд
1 цаг 4 минутын өмнө

АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн даргаа хавсарч хийж “давхар” дээлтэй жил гаруй болоод саяхнаас бүлгээ гишүүддээ өгье хэмээн дуугарч эхэлсэн. 

Өөрөө ч бүлгээ зангидах асар өндөр сонирхолтой байсан учраас сандал суудал, Төрийн ордны том өрөө тасалгаагаа суллаж өгөх сонирхолгүй байсан.

Гэсэн ч гишүүдийнхээ шахалтаар ийм шийдвэр гаргасан ч өнгөрөгч даваа гарагт УИХ дахь бүлгийнх нь ирц хангалтгүй байв. Бүлгийн дарга ирц, оролцоог бүрдүүлэх ёстой ч тэрбээр нэг л хайнга ханджээ. Ингээд бүлгийн даргыг сонгох асуудлыг өнөөдөр хүртэл хойшлуулсан.

Бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэр дэвшихээ илэрхийлж, гишүүд нь санал нэгдэж чадаагүй.

Хэзээнээс тамга тэмдгийн асуудалтай Ардчилсан нам бүлгийн даргаа сонгож чадах эсэх нь эргэлзээтэй болоод буй. Өнгөрөгч даваа гарагийн бүлгийн хурал тарах үед УИХ-ын гишүүн, Сүхбаатар дүүргээс сонгогдсон Ц.Баатархүү бүлгийнхээ тамгыг авч гарсан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн. 

Удаа дараа шаардуулсны эцэст  орой нь тамгаа буцааж өгсөн байдаг. Ц.Баатархүүгийн хувьд бүлгийн даргад Б.Түвшинг дэмжиж байгаа аж. 

АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Нэр дэвшиж буй Б.Түвшинг УИХ-д нэг удаа сонгогдсон бүлэг удирдах, зангидах зангараг, туршлага дутна гэж гишүүдийнх нь олонх үзэж буй учир дэмжихгүй байгаа аж. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх чухал үүрэгтэй энэ үед хэнийг даргаар сонгох нь Ардчилсан намд төдийгүй эрх баригч намд ч чухал буй. Намын ихэнх гишүүд бүлгийн даргаар сонгогдох хүн бүлгийн гишүүдээ зангидаж, эрх баригч намаас хараат бусаар ажиллаж, улс төрийн онговчтой шийдэл гаргах бүхий зангарагтай, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. 

Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Ардчилсан намын бүлгийн хурал товлогдож, бүлгийн даргын асуудлаа шийдвэрлэхээр болжээ. 

Б.Түвшингийн хувьд МАН-аас тэр дундаа Ерөнхийлөгчөөс санал болгож буй хувилбар гэх "бор шувуу" улс төрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногоос гарсан. Хэзээнээсээ МАН АН-ын дарга, цэргийн томилгоонд дам бусаар оролцож ирсэн гэж яригддаг. Тохирсон хүн нь дэмжигдвэл тамга тэмдэг нь асуудалгүй болж, батламжлагддаг гэх болов. Нөгөө талдаа  МАН олонх байгаа энэ үед сөрөг хүчин хүчгүй, үлбэгэр сул байх нь тэдэнд ашигтай. Ядаж л парламент дээр бодлогоо хамгаалах, улаан, ногоон гэрлээр батлуулах хууль, тогтоолын төслүүд гал багатай байх нь чухал. Энэ мэт олон асуудал байгаа учраас МАН-д УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудалд хэн байх нь хамгийн чухал болчихоод байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна