О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Ли Ганьжэтэй уулзлаа

Х.Есү
1 цаг 40 минутын өмнө

Ардчилсан намын дарга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга,  УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр /2026.09.08/ Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Төв Хорооны Нэгдсэн фронтын газрын дарга Ли Ганьжэтэй Бээжин хотноо, Ардын Их Хурлын ордонд уулзалт хийлээ.

13.jpg

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр намын хамтын ажиллагаа, улс төрийн харилцан итгэлцэл, хөрөнгө оруулалт болон цаашид хамтран ажиллах боломжтой шинэ салбаруудын талаар санал солилцов.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэ Монгол, Хятад хоёр улс уул усаараа холбогдсон найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түншүүд болохыг онцоллоо. Тэрбээр Хятадын Коммунист нам Монгол Улсын улс төрийн гол намуудтай яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх замаар хоёр улсын харилцааны хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө байгааг илэрхийлсэн юм.

10.jpg

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Хятадын Коммунист нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг хүргэж, энэхүү уулзалт нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, нам хоорондын харилцаа, хамтын ажиллагааны давтамжийг хадгалах, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

Тэрбээр “Монголын Ардчилсан нам хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих нээлттэй, хууль ёсны бөгөөд тогтвортой байр суурийг баримталж ирсэн. Цаашид ч энэ байр сууриа тууштай хадгална. 2025 оны гуравдугаар сард Ардчилсан намын төлөөлөгчид БНХАУ-д айлчилж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д айлчилж байгаадаа таатай байна. Цаашид хоёр намын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, харилцан дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

3.jpg

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэ хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглээд “Хятадын тал Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байна. Эрчим хүч, уул уурхай, худалдаа зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ ногоон хөгжил, тоон эдийн засаг, чухал ашигт малтмал зэрэг шинэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой.

Хоёр намын харилцаа нь Хятад, Монголын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятадын Коммунист нам Монголын Ардчилсан намтай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч, хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг хангаж, хоёр намын өндөр, дээд түвшний айлчлал болон улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэхэд бэлэн байна” гэлээ.

Уулзалтаар талууд нам хоорондын харилцаа, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, холбогдох нам хоорондын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар мөн санал солилцлоо.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д хийж буй ажлын айлчлалаа үргэлжлүүлж, Бээжин хотын Дашин дүүрэг дэх Олон улсын устөрөгчийн эрчим хүчний жишиг бүсийн үйл ажиллагаатай танилцана.

14.jpg11.jpg12.jpg16.jpg17.jpg9.jpg



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна